Saturday, July 7, 2012

Шинэ толь 2002/4, №41

Фрэнсис Фукуяма. Түүх дахин эхлэв үү?
…Арав гаруй жилийн өмнө бид түүхийн төгсгөлд хүрлээ гэж би баталж байсан: энэ нь түүхэн үйл явдлууд цааш өрнөхгүй гэсэн хэрэг бус, янз бүрийн засаглалын хэлбэрийг дамжсан хүний нийгмийн хувьслын өрнөл буюу бидний түүх орчин үеийн либерал ардчилал болон зах зээлийн капитализмд өөрийн оргилд хүрснийг хэлсэн хэрэг билээ. Миний бодлоор бол 9 дүгээр сарын 11-ны үйл явдлыг үл харгалзан энэ гипотез хүчинтэй хэвээр үлдэж байна: АНУ болон бусад өрнөдийн ардчиллуудын харуулж буй модернизм дэлхийн бодлогод давамгайлагч хэвээр үлдэж, эрх чөлөө, тэгш ёсыг билэгддэг өрнөдийн ардчиллын үндсэн институциуд цаашид ч дэлхий дахинд тархах үйл явц үргэлжлэх болно.

Филипп К.Шмиттер. Ардчиллын зөрчлүүд ба түүнд учирч буй аюул
Энэхүү өгүүлэлд дарангуйлагч тогтолцооны дараа бий болсон тодорхойгүй шилжилтийн үеийн шийдвэрлэхэд түвэгтэй зөрчил, учирч буй аюулын талаарх асуудалд анхаарал хандуулахыг зорьлоо. Өнөө үед удирдлагад хязгаарлагдмал байдлаар оролцож сурсан, гүйцэтгэх эрх мэдэл нь бүрэн тайлагнадаггүй байдалд дассан он удаан жилийн либерал ардчилсан уламжлалтай улс орнуудын иргэд хүртэл иймэрхүү практикт илтээр эргэлзэж эхэлсэн ба энэхүү эргэлзсэн байдал нь дөнгөж шинээр эхлэж байгаа шинэ залуу ардчилсан улсуудын иргэдэд ч нөлөөлж байгаа билээ. Нөгөө талаас, шинэ залуу ардчилал бэхжих чадваргүй байгаа нь чухал улс төр, зохион байгуулалтын өөрчлөлт, шинэчлэл хийхийг шаардсан бүлгүүдийн шахалтыг нэмэгдүүлж, улмаар барууны либерал ардчиллын байр суурийг ч ганхуулж болзошгүй юм.
Ц.Ангараг. Ардчиллын бэхжилтийн асуудал
Өнөөдөр оршин тогтнож байгаа хамгийн тогтвортой, хүлээн зөвшөөрөгдсөн удирдлагын хэлбэр бол ардчилал юм. Өөрөөр хэлбэл, системийн хувьд нь хүлээн авч болох өөр альтернатив хувилбар алга байгааг судлаачид хүлээн зөвшөөрч байна. Гэвч ардчиллын хэм хэмжээ, зарчим алдагдаж байгаа болон бүхэлдээ нийгмийг ардчилах үйл явц удаашралтай байгааг хэрхэн тайлбарлах вэ? Ардчилал өөрөө “хамгийн боломжит хувилбар“ мөн л бол энэ нь түүнийг хүлээн авахад хангалттай үндэслэл, суурь нөхцөл болох ёстой биш үү? Гэтэл энэ бүхэн тийм хялбар зүйл биш гэдгийг бид, ялангуяа шинээр ардчилсан улсуудын жишээн дээрээс харж болно.
М.Энхбат. XXI зууны босгон дээрх Европын улс төрийн намуудын хөгжил, цаашдын хандлага
Саяхан ОХУ-ын Төрийн Дум “Улс төрийн намуудын тухай хууль” баталсан нь тус улсын олон ургальч ардчилалд шилжих хүнд бөгөөд урт удаан үйл явцад чухал үйл явдал боллоо. Энэ үйл явц нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд удаашралттай үргэлжилж байгаагийн нэг гол шалтгаан нь хуучин ЗХУ-ын үеийн нэг намын системийн оронд үүссэн олон намын сул дорой үйл ажиллагаатай ихээхэн холбоотой юм. Онол үзэл баримтлалын тодорхой бус байдал, зохион байгуулалт муу, эв нэгдэлгүй, тархай бутархай байдал нь эрх мэдлийн салаа мөчир бүхэнд, ялангуяа, хууль тогтоох байгууллагуудын улс төрийн шийдвэр гаргах, хэвийн үйл ажиллагаа явуулахад нь хүндрэл учруулж байсан.
Шинэ хууль нь улс төрийн намуудын бүтэц зохион байгуулалтыг цаг үеийн шаардлагатай нийцүүлэх зорилго агуулж байна. Энэ нь намуудыг тооны хувьд цөөлж, тэдний үйл ажиллагаагаа явуулах бодит нөхцөлийг сайжруулах, бүх шатны төлөөллийн байгууллагуудыг сонгох сонгуульд оролцох оролцоог нэмэгдүүлэхэд оршино.
С.Мөнхсайхан. Шинэтгэлийн онол ба Ази
1957 онд АНУ-ын эрдэмтэн, эдийн засагч Сэймур Мартин Липсэт шинэ үзэл санаагаар бичигдсэн өөрийн нэгэн өгүүлэлдээ эдийн засгийн өндөр хөгжил, тогтвортой ардчилал хоёрын харилцан хамаарлыг ажиглалтын үндсэн дээр тодорхойлсон байдаг. Эдийн засгийн хөгжил улс төрийн либералчлалын өсөлтөд нөлөөлдөг гэсэн энэхүү томъёолол нь тэр цагаас хойш эцэс төгсгөлгүй маргааныг үүсгэсэн авч 1970-аад оны дунд үеэс эхэлсэн ардчилсан өөрчлөлтийг даган үлэмж хүчтэй болсон ба одоо ч гэсэн анх дэвшүүлж байсан үеийнхээсээ илүү нөлөөтэйгээр эдийн засагч, улс төрчдийн хүрээнд өөрийн байр сууриа хадгалсаар байгаа юм.
С.Мөнхсайхан. Азийн ардчилал Күнзийн уламжлалд уусах уу, аль эсхүл түүнийг даван туулах уу
Барууны эдийн засаг болон улс төр судлаачид “XIX зууныг Европын зуун, ХХ зууныг Америкийн зуун, ХХI зууныг Азийн зуун болно” гэж өөрсдийн судалгааны бүтээлд итгэлтэйгээр дурдах болсоор нэлээд удаж байна.
ХХI зуун Азийн зуун болно гэсэн энэхүү төсөөлөл домог бус үнэн бодит явдал мөн бол эл үзэлд тохирсон үзэл санааны шинэ номлол төрөн гарах нь зайлшгүй зүйл мэт санагдана. Гэхдээ одоогийн Азийн улс орнуудын нийгмийн хэвлийд өтөлсөөр байгаа шинэ номлолын үзэл санаа Азийн ардчилалд садаа болох уу, үгүй юү гэдэг асуудал ардчиллын эх орон болсон улсуудын хувьд сэтгэл зовоосон асуудлын нэг болчихоод байгаа юм.
П.Наранцэцэг. Даяаршил ба менежментийн хэв маяг
Улс орны хэтийн төлөв, ирээдүйн хөгжил нь бизнесийн ба төрийн удирдлагын стратегийн шийдвэр гаргагчид, бодлоготон, тэдгээрийн менежментийн хэв маягийн амжилт, үр дүнгээр тодорхойлогдоно. Даяаршлын үйл явц эрчимжиж байгаа одоо үед менежментийн монгол хэв маягийг боловсронгуй болгох шаардлагатай юу? Хэрвээ тийм бол ямар арга замаар шийдвэрлэх вэ? Менежментийн хэв маяг гэж юу вэ? Даяаршлын үед улс орныг хөгжүүлэхэд байгууллагын менежментийн үүрэг нь ямар байж болох вэ? гэсэн олон асуудал тулгарч байна. Эдгээрийг шийдвэрлэж болох оновчтой арга замыг тодорхойлох нь чухал.
Эрин Апгайт. Шинэ эдийн засгийн үзэл санаа: домог ба бодит байдал
Өнөөдөр “шинэ эдийн засаг” (New Economy) гэсэн ойлголт глобальчлалтай зэрэгцэн тогтмол дурдагдах боллоо. Тухайлбал, “АНУ-ын Ерөнхийлөгчийн 2001 оны эдийн засгийн илтгэл” дараахь ишлэлээр эхэлж байна: “Сүүлийн 8 жилд АНУ-ын эдийн засагт гарсан радикал өөрчлөлт нь бид шинэ эдийн засаг үүсч буй үйл явдлын гэрч болж байна гэж олон ажиглагч дүгнэх суурь нөхцөл боллоо”. Энэ нь дижитал технологи ба интернетийн хөгжилтэй уялдсан олон пүүс болон салбарын үүсэл, хөгжилтэй уялдаатай. 90-оны дунд үеэс эхлэн энэхүү хурдацтай технологийн өөрчлөлт нь түргэн тархаж, бүтээмжийн өсөлтийг хангаж, эдийн засгийн өсөлтийг түргэсгэж, ажилгүйдэл болон инфляцийг бууруулж, эдийн засгийн мөчлөгийн хэлбэлзлийг багасгасан.

No comments:

Post a Comment