Saturday, July 14, 2012

Шинэ толь 2010/3. №70

Иргэний нийгэм дэхь иргэдийн оролцооны эрх зүйн байдал
О.Өнөрцэцэг, МУБИС-ийн багш
Монгол Улсын Үндсэн хуулинд иргэдийн оролцооны хэлбэрүүдийг үндсэнд нь хуульчилан баталгаажуулж өгсөн боловч хуулийн заалтуудыг хэрэгжүүлэх механизм гүйцэд ажиллахгүй байгаагаас тунхагийн шинж давамгайлж байна.
Орлогын ялгаатай байдал, амьжиргааны түвшиний зөрөө, ахуй амьдралын орчны ялгаа, төрийн үйлчилгээний хүнд суртал, үл тоомсорлох хайнга байдал зэрэг хувь хүнээс биш илүү төрийн зүгээс бүрдүүлбэл зохих оролцооны суурь нөхцөл хангалтгүйгээс иргэн бүрийн оролцооны тэгш боломж хязгаарлагдмал байна. Мөн иргэдийн улс төрийн ухамсар хоцронгуй, боловсрол нимгэн, мэдээллийн эх үүсвэр ашиглах боломж, чадавх жигд биш, идэвхигүй байдал зэрэг хувь хүнээс өөрөөс нь зонхилж хамаарсан хүчин зүйлийн сөрөг нөлөө харьцангуй өндөр байна.

Орон нутаг хөгжих боломж байна уу?
Г. Жаргал, Удирдлагын Академийн ахлах багш, докторант
Нутгийн удирдлагын гол байгууллага нь хуулиараа бол ИТХ, ажил амьдрал дээр Засаг дарга байдаг. ИТХ нь Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэх, батлах, хянах төдий л эрх үүрэгтэй, харин орон нутгийнхаа нийгэм эдийн засгийн тодорхой асуудлыг шийдвэрлэх эрхгүй, чадваргүй болсон байна.
Энэ байдал зөвхөн аймаг суманд ч төдийгүй нийслэл, дүүргийн хуралд ажиглагддаг. ИТХ-ийн гишүүд болон Тэргүүлэгч нь “мөнгөний эрх мэдэлгүй хөгшин лүгээ адил үглэхээс хэтрэхгүй”, харин “мэдлэг хомс мэдэл ихтэй” Засаг дарга нь өмч, хөрөнгийн эрхийг эдэлж, эрх мэдлийн төвлөрөл үүсч байна. Нам томилгоотой, хэмжээгүй эрхтэй Засаг дарга нар олширох бий... Засаг даргын эрх мэдэл нь ИТХ-аас харьцангуй их бөгөөд нэгэн зөрчилтэй зүйл ажиглагддаг. Үндсэн хуульд Засаг даргын “Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх” үүргийг ЗЗНДТУ-ын хуульд “Төрийн удирдлагыг хэрэгжүүлэх” гэж өөрчилсөн байдаг. Эндээс л эрх, үүргийн зөрүүтэй байдал үүсэхийн зэрэгцээ, намын бүлгээр асуудлыг шийдэхэд хүргэж байна.
“Улс төрийн соёл”-ын концепциуд: онол - үзлийн гажилт
Э.Тамир, МУБИС-ийн багш доктор (PhD), профессор
“Улс төрийн соёл” нэр томъёог 18-р зуунд Германы И.Гердер эргэлтэнд оруулсан. Гэхдээ энэ нэр томъёог улс төрийн талаас нь хэрэглээгүй байна. “Улс төрийн соёл” гэх улс төр судлалын үндсэн ойлголт нь дэлхийн II дайны дараа дэлхийн улс төрийн нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Орос, Канад болон бусад бүс нутгуудад дорвитой судлагдах болов.
Улс төрийн соёл гэх ойлголт нь олон талтай, өргөн хүрээг хамарсан, гүн гүнзгий утга агуулгатай, цаашид баяжин хөгжигч “амьд организм” гэлтэй. Улс төрийн соёлын талаарх анхны концепци 1956 онд Америкийн судлаач Х.Пайнерийн “Европын хүчирхэг орнуудын засаглалын тогтолцоо” номонд эргэлтэнд орж Их Британи, Франц, Герман, ЗХУ-ын улс төрийн засаглал ба улс төрийн соёлын талаарх харьцуулсан судалгааг авч үзэж дүгнэлт өгсөн боловч “улс төрийн соёл” гэсэн ойлголтын талаар тодорхойлолт өгөгдөөгүй юм.
Улс төрийн систем, намын харилцан хамаарал: онол - арга зүй
Д. Болд-Эрдэнэ, Улс төрийн ухааны доктор (PhD), профессор
ШУА-ийн ФСЭЗХ-ийн Улс төр судлалын секторын эрхлэгч
Улс төрийн систем, намын харилцан хамаарлын асуудал нь улс төрийн онол, шинжлэлийн арга зүйн бие даасан томоохон судлагдахууны нэг юм. Улс төрийн шинжлэх ухаан улс төрийн систем, намын харилцааны асуудлыг авч үзэхдээ улс төрийн орчин, үйл явц, улс төрийн систем, намын систем, улс төрийн нам гэсэн өвөрмөц үзэгдлүүдийн хосолмол бүтцийн хүрээнд харилцан хамааралтай тэгэхдээ учир ялгавартайгаар шинжлэн үздэг. Учир нь улс төрийн орчин нь намын үйл ажиллагааны үндсэн хүрээ болдог бөгөөд энэ хүрээн дэх намын төлөвшилтийн үйл явц нь нийгмийн улс төрийн бүхэл үйл явцын салшгүй хэсэг, харин нам, намын тогтолцоо нь улс төрийн нийтлэг системийн нэг үндсэн бүрдэл нь болдог.
Ардчилсан нийгэмд улс төрийн намын гүйцэтгэх үүрэг, роль
Э. Гэрэлт-Од, Доктор
Орчин үед улс төрийн намын гүйцэтгэх үүргийн тухай судлаачид өргөнөөр хэлэлцэх болжээ. Магадгүй энэ нь намууд үүргээ гүйцэтгэж чадаж байгаа эсэхэд эргэлзсэн нийгмийн сэтгэл зүй хүчтэй байдагтай холбоотой байж болох юм. Энэхүү өгүүлэлд ардчилсан нийгэмд намууд ямар үүрэг гүйцэтгэдэг, ямар байр суурь эзэлдэг болохыг тодруулах болно.
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаарх олон нийтийн ойлголт, хандлага
С. Түмэндэлгэр (PhD), Ц. Одгэрэл (докторант)
2008 онд Хүний эрх-хөгжил төв, Хүчирхийллийн эсрэг Үндэсний төв, Иргэдийн алъяанс байгууллагуудаас хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг бууруулах төсөл”-ийн хүрээнд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг тодорхойлох судалгааг хийсэн юм. Судалгааг Улаанбаатар хотын Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол дүүрэг, Архангай аймгийн Цэнхэр, Эрдэнэбулган сумдын насанд хүрсэн хүн амын дунд явуулсан бөгөөд эх олонлогоос энгийн санамсаргүй түүврийн техникийн дагуу судалгаанд оролцогчдоо сонгосон болно. Уг судалгаанд нийт 400 хүн хамрагджээ. Уг судалгааны өгөгдөлд тулгуурлан энэхүү өгүүллийг бичсэн бөгөөд энэ нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаар олон нийтийн ойлголт, эмэгтэйчүүдтэй холбогдох хэвшмэл ойлголт, домгуудыг хүлээн зөвшөөрч буй байдал, эмэгтэйчүүдээс хүлээх хүлээлт, шинж чанар, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зөвтгөх хандлага гэсэн гурван хэсэгтэй.

No comments:

Post a Comment