Saturday, July 14, 2012

Шинэ толь 2009/4. №67

Монголын үйлдвэрчний эвлэлийн нийгмийн түншлэл, чиг хандлага
Даваагийн Булганцогт, ХХААХҮЯ-ны сайдын туслах, Төрийн удирдлагын магистр
1990 оны Ардчилсан хувьсгалын яг дараахан Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбоо өөрийгөө хөдөлмөрчдийг төлөөлсөн бие даасан байгууллага гэж тодорхойлон Засгийн газар ба эрх баригч намтай харилцах харилцаагаа дахин тодорхойлж, ардчилал, үл төвлөрөлд чиглэсэн зохион байгуулалтын шинэчлэлийг эхлүүлсэн байна. 1990 оны Улс төрийн намын тухай хууль, түүнд оруулсан нэмэлтэд нам, бүх олон нийтийн байгууллага (Үйлдвэрчний Эвлэлээс бусад) зөвхөн нутаг дэвсгэрийн шинжээр байгуулагдаж болохыг зааж өмчийн аль ч хэвшлийн үйлдвэр, компани, байгууллагад гагцхүү үйлдвэрчний эвлэл ажиллах ёстойг тогтоосон байна.
Монгол улсын нийгмийн халамжийн тогтолцоо, түүний шинэчлэлийн асуудал Пүрэвсүрэнгийн Чинбат, Налайх дүүрэг. Хөдөлмөр, нийгмийн халамж үйлчилгээний газрын дарга, Төрийн удирдлагын магистр Монголын нийгмийн халамжийн салбарын шинэчлэлийн асуудлыг онол, практикийн талаас нь судалж, нийгмийн халамжийн тогтолцооны хамрах хүрээ, нэр төрөл, хүртээмжид дүн шинжилгээ хийж, цаашид шинэчлэх арга замыг тодорхойлоход энэхүү судалгааны ажлын зорилго оршино. Энэхүү магистрын ажлын сэдвийн хүрээнд онол, үзэл баримтлалуудыг баримт бичиг судлах аргыг ашиглан судалж, түүний үндсэн дээр Монгол улсын нийгмийн халамжийн тогтолцооны өнөөгийн байдалд ажиглалт, анализ, синтезийн аргыг ашиглан халамжийн үйлчигээг нэр төрөл бүрээр нь харьцуулан дүн шинжилгээ хийсэн болно.
Нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох зарим асуудал
Буураагийн Төмөрхуяг, Дорноговь аймгийн ЗДТГазрын дарга, Төрийн удирдлагын магистр
Монгол улсын зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн үеийн болон цаашдын хөгжлийн нөхцөл дэх нийгэм, эдийн засгийн харилцааг жолоодох үндсэн асуудлын нэг нь нийгмийн даатгал юм. Монгол орны өнөөгийн нөхцөлд зах зээлийн харилцаа хөгжсөн орнуудын хэрэглэж байгаа нийгмийн даатгалын тогтолцоо бүрэлдэн бий болоод байна. Түүнийг зөв жолоодох, цаашид боловсронгуй болгох нь амьдралын бодит шаардлага болж байна.
Нийгмийн даатгалын асуудал бол зах зээлийн эдийн засгийн харилцааны нөхцөл дэх төрийн удирдлагын нэг үндсэн чиг үүрэг болдог. Иймд манай орны нөхцөлд энэ асуудлыг шинжлэх ухаан, практикийн түвшинд судлах, хүрсэн өнөөгийн түвшинг үнэлж, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох асуудал нийгмийн даатгалын тогтолцоо, түүний удирдлагын үйл ажиллагааг цаашид боловсронгуй болгох арга замыг тодорхойлох шаардлага тавигдаж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэврийн байдлыг судалсан нь
Цэрэндоржийн Даваадорж, Баянзүрх дүүрэг, Нийгмийн даатгалын хэлтсийн орлогч дарга, Төрийн удирдлагын магистр
Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд бие даан амьдрах чадваргүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өнчин хүүхэд зэрэг нийгмийн эмзэг бүлэгт нийгмийн хамгааллын тогтолцоо чухал үүрэг гүйцэтгэж байна.
Шилжилтийн үеийн өөрчлөлт шинэчлэлтийн сөрөг үр дагавар нь өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өнчин хүүхдүүд нийгмийн эмзэг хэсгийн иргэдэд хүндээр туссан билээ. Эдгээр бүлгийнхэн байгаль цаг уур, эдийн засаг, нийгэм, эрх зүйн хүчин зүйлийн нөлөөлөлд ихээхэн өртөмтгий эмзэг шинжтэй. Энэ эмзэг бүлгийн нэг хэсэг болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын гол асуудал болох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хувиарлалтыг оновчтой болгох нь шийдвэрлүүштэй асуудлын нэг болж байна.
Төрийн үйл ажиллагаа ба хариуцан тайлагнах зарчим
Сүрэнгийн Чинбат, УИХ, Тамгын газар, гишүүний туслах, Төрийн удирдлагын магистр
Аливаа нийгмийн улс төрийн тогтолцоо, түүний дотор төрийн институтын харилцаа нь ямар хэв шинжтэй байх нь нийгэм, улс төрийн үйл явц дахь хариуцлагын тогтолцооноос шууд хамаарч байдаг төдийгүй түүгээр тодорхойлогдож байдаг.
Ардчилсан засаглалтай аль ч улс оронд ардчиллын чанарын нэг гол шалгуур нь хариуцан тайлагнах зарчим байдаг. Засаглалын оролцогч субьектэд хаанаас эрх мэдэл олгогдсон байна, түүнийхээ өмнө өөрсдийн үйл ажиллагаа болон гаргасан шийдвэрээ хариуцан тайлагнаж, хариуцлага хүлээнэ.
Монгол орны хувьд улс төрийн ардчилсан соёлыг төлөвшүүлэх, ил тод, хариуцлагын тогтолцоог бий болгоход иргэд, сонгогчид болон тэдний төлөөлөл болон сонгогдон ажиллаж буй эрх мэдэл бүхий субьект, улс төрийн хүчин, байгууллагын хооронд амьд холбоо бий болгох нь нэн чухал асуудал байсаар байна.
Төрийн тусгай албан хаагчийн ёс зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал
Дүгэржавын Алимаа, Төрийн удирдлагын магистр
Нийгмийн аль ч үед ёс зүйн тухай асуудал зөвхөн нэг улсын төдий бус дэлхий нийтийн шинжтэй асуудал байсаар ирсэн билээ. Тэр дундаа төрд алба хашиж буй төрийн албан хаагч ёс зүйн асуудал ямагт бусдаас дээгүүр байх шаардлага тавигддаг. Төрийн албан хаагчийн ёс зүйт байдал гэдэг нь өргөсөн тангарагтаа үнэнч байх, хууль дээдлэх, хуулийн хүрээнд албан үүргээ гүйцэтгэх, иргэдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдэнтэй найрсаг харилцах, төрийн нэр хүндийг дээдлэх, өндөр мэдлэг боловсролтой байх, хувийн эрх ашгаас илүү ард олны эрх ашгийг эн тэргүүнд тавих явдал юм.Төрийн албан хаагч ёс зүйгээ хэр зэрэг сахиж, хуулиа хэрхэн биелүүлж байгаагаас маш олон зүйл шалтгаалдаг. Өнөөгийн байдлаар төрийн албан хаагчдын ялангуяа төрийн тусгай албан хаагчдын ёс зүйн чиглэлээр бичигдсэн дорвитой бүтээл, судалгаа одоогоор байхгүй бөгөөд зөвхөн эхлэлийн төдий байдалтай байна.
Тогтвортой хөгжил ба тогтвортой хөгжлийн боловсрол
Адъяасүрэнгийн Ган-Өлзий, “ЭКО АЗИ” дээд сургуулийн гүцэтгэх захирал, Төрийн удирдлагын магистр
XXI зууны дэлхийн тогтвортой хөгжлийн түгээмэл үзэл хандлагад нийцүүлэн байгаль орчин, нийгмийн хөгжлийн тэнцвэрийг эрэмбэ дараатай хангах замаар эдийн засгаа экологийн баримжаатай хөгжүүлэхийн гол үндэс суурь нь тогтвортой хөгжлийн боловсрол юм. Тогтвортой хөгжлийн боловсрол нь байгаль орчны боловсрол, экологийн боловсрол, хүрээлэн байгаа орчны боловсрол гэх мэт олон нэр томьёо, агуулгаар дамжин өнөөдрийг хүрсэн боловч эдгээр ойлголтыг ялгаатай ба төсөөтэй талуудыг нарийвчлан ойлгохгүй байгаагаас сургууль, багш нарын дунд маргаан үүсэх болсон байна. Тухайлбал: Францын багш нар өөрсдийн сургалтын арга барилаа ХБОБ-ынх гэх уу эсхүл, ТХБ-ынх гэх үү, эсхүл бүр тэс өөр нэр өгөх ёстой юу гэдгийг одоо ч шийдээгүй байна. Иймээс “Тогтвортой хөгжлийн боловсролын талаарх төрийн бодлого” сэдэвт магистрын ажлын нэгдүгээр бүлгийн хүрээнд тогтвортой хөгжил ба тогтвортой хөгжлийн боловсролын тухай ойлголт, үзэл санааны  талаар хийсэн судалгааны дүнг та бүхэд толилуулж байна. 
Боловсролын салбарт жендерийн тэгш байдлыг хангах нь
Гэндэнгийн Нямцэвээн, Нийгмийн ухааны Либерти дээд сургуулийн сургалтын албаны ажилтан, Төрийн удирдлагын магистр
Ерээд оноос хойш нийгэмд өрнөсөн өөрчлөлтийн үрээр Монголын нийгмийн жендерийн байдалд огцом ялгарал гарч эхэлсэн. Боловсролын салбар болон албан бус сектор зэрэг салбар дах эмэгтэйчүүдийн давамгай байр суурь нь олон нийт болон төр Засгийн албан тушаалтнуудын анхаарлыг жендерийн асуудалд өөрийн эрхгүй хандуулсан юм.
Улмаар монгол улс жендэрийн болон эмэгтэйчүүдийн асуудлаарх олон улсын хэд хэдэн гэрээ конвецид нэгдэн орж, 1996 онд “Эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах үндэсний хөтөлбөр”, 2002 оноос “Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр” -ийг батлан хэрэгжүүлж байна.
Монгол улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Жендэрийн тэгш байдлын үндэсний хороо, түүний ажлын албыг байгуулж, 2006 оноос бүх яамдад жендэрийн асуудал эрхэлсэн мэргэжилтэнг томилон ажиллуулах болсон. Түүнчлэн Мянганы хөгжлийн зорилтуудыг тодорхойлон баталж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх /3 дугаар зорилт/, бүх шатны боловсролын түвшинд жендэрийн тэгш бус байдлыг 2015 он гэхэд арилгах /6 дугаар зорилт/ зорилтуудыг тус тус дэвшүүлэн тавьжээ.
Сэтгүүлчдийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд төрийн байгууллага, албан тушаалтнаас учруулж буй дарамт, арилгах зарга зам
Лхамжавын Цэрэн-Очир, “Өнөөдрийн тойм” сэтгүүлийн тоймч, Төрийн удирдлагын магистр
Сэтгүүлчдийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд учирч байгаа янз бүрийн бэрхшээлийн дотроос төрийн байгууллага, зарим  албан тушаалтнаас учруулж байгаа дарамт шахалт сүүлийн үед сэтгүүл зүйн салбарт өсч, улмаар  гэмт хэргийн шинжтэй болж байгааг  зарим олон улсын байгууллага, манай орны ТББ-аас явуулсан судлагааны дүн  харуулж байна. Тухайлбал, Лондонд төвтэй “Артикал -19” нэртэй хэвлэлийн  ажиглагч байгууллага “Монголд сэтгүүлчдийг эрүүгийн хэргээр шийтгэх явдал эрс өсчээ” гэсэн дүгнэлт хийсэн байна.
Нэмүү өртгийн албан татвар ногдуулалтын бодлого, хэрэгжилт, сайжруулах боломж
Долгорын Билгээ, Хэнтий аймаг. “Баялаг хурах” ХХК-ний дэд захирал, Төрийн удирдлагын магистр
2000-2005 он хүртэл татварын хяналт шалгалтаар илэрсэн их давтамжтай зөрчлийн судалгаанд борлуулалтын орлогоо санаатайгаар бууруулсан, борлуултын орлого дутуу тусгасан, хандив хүү, их засварын зардлыг тавар ногдуулах орлогоос хассан зэрэг зөрчлүүд орсон байдаг. Иймд Нэмэгдсэн өртгийн албан татвар, хяналт шалгалтыг боловсронгуй болгох шаардлага гарч ирж байгаа болно. Миний судалгааны зорилго нь НӨАТ-ыг боловсронгуй болгох онол арга зүйн үндсийг судлан, түүний өнөөгийн байдалд дүгнэлт хийж, ногдуулалт болон хяналт шалгалтыг боловсронгуй болгох, үр нөлөөг дээшлүүлэх арга замыг тодруулахад оршино.

No comments:

Post a Comment