Saturday, July 14, 2012

Шинэ толь 2009/3. №66

Манлайлал шинэ зууны менежментийн зангилаа асуудал болох нь
Ш. Түдэв, Удирдлагын академийн дэд захирал, профессор, Р. Бадралмаа, Удирдлагын академийн Сургалтын бодлого, зохицуулалтын албаны дарга, В. Өлзийбаяр, Удирдлагын академийн Бизнесийн удирдлагын тэнхмийн ахлах багш

Mенежментийн функцууд дотроос шинэ парадигмын үзэл санааг илэрхийлж хамгийн түрүүн даган өөрчлөгдсөн нь манлайлал юм. Учир нь манлайлалгүй стратеги ба мэдлэгийн менежмент үгүй, манлайлалгүй суралцах үйл явц, итгэлцэл үүсэх боломжгүй билээ.   
Бид, шинэ зуунд манлайллын хэрэгцээ өсөж буй шалтгаан, манлайллын онолын хөгжлийн чиг хандлага, манлайлагчийн ур чадварт тавьж буй шаардлагын өөрчлөлт, улмаар Монгол манлайлагчдын ур чадварын түвшин өнөөгийн сорилтод бэлэн байгаа эсэх тухай асуудлыг хөндөж, манлайлагчдын ур чадварыг хөгжүүлэх асуудлаар санал бодлоо нэмэрлэх зорилго тавив.

Төрийн албаны шинэтгэл ба манлайлал
Ц.Самбаллхүндэв, Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны дарга, доктор, профессор, Д.Байгал, Удирдлагын академийн Төрийн удирдлагаар мэргэшүүлэх хөтөлбөрийн удирдагч, магистр.  
Төрийн албаны шинэтгэлийн ихэнх хөтөлбөр нь мэргэшсэн, тогтвортой байх “мерит” зарчимд суурилсан, улс төрийн намуудаас хараат бус төрийн албыг байгуулах буюу бэхжүүлэх явдлыг гол зорилгоо болгож байна. Ийм зохион байгуулалт нь улс төрийн өөрчлөлтийг цочроо багатай, эмх журамтай баталгаажуулахад тусладаг учир аливаа ардчилсан тогтолцооны чухал хэсэг болдог байна.
Төрийн албаны шинэтгэлийн хэрэгжилт, амжилт ололт, бүтэлгүйтэл нь засаглалын институцийн болон улс төрийн нөхцөл байдал, төрийн албан хаагчдын чадавхиас ихээхэн шалтгаалдаг.
Монгол Улсын хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа бэрхшээлийг даван туулахын тулд хийх шаардлагатай шинэчлэлийн нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг бол төрийн албаны шинэтгэл юм.
Төв Ази ба Геополитик
Орчуулсан Ш.Отгонбаяр, МУБИС, УТСС–ийн тэнхимийн багш, магистр

Хуучин ЗХУ–ын задрал болон Шинэ Тусгаар улсуудын үүсэлд тулгуурласан дэлхийн геополитикийн дүр зургийн өөрчлөгдөж буй үргэлжлэл нь Казакстан, Киргизстан, Тажикстан, Туркменстан, Укбекстан орнуудыг багтааж байдаг Төв Азийн бүс шинээр геополитикийн нэн чухал нөхцөлийг бүрдүүлэхэд хүргэж байна. Төв Азийн бүс нутаг нь геополитикийн сонирхол буюу эрмэлзлэл татахааргүй хязгаар нутгаас хөгжингүй орнууд болон олон улсын бусад салбаруудын сонирхлын маш хүчтэй талбар болж хувиран өөрчлөгдөх үе шатанд явж буй бүс нутаг болжээ.
Эх газрын “зүрхэнд” оршдогоороо Төв Ази нь Евразийн стратегийн бусад чухал бүс нутгуудын хувьд өөрийн онцлог төрхтэй, өөрөөр хэлбэл тэдний нэвтрэн орох “үүд хаалга“ нь болж байгаа юм.
Политайнмент буюу цэнгээнт улс төр: Дэлхийн чиг хандлага ба Монгол улс
Ц. Мөнхцэцэг, Доктор (Ph.D)

Орчин үед сэтгэл зүй, коммуникаци, сэтгүүл зүй, менежмент, маркетинг зэрэг олон шинжлэх ухааны ололт, сүүлийн үеийн технологиудыг улс төрийн үйл явцад хэрэглэх болсноор сонгуулийн кампанийн коммуникацид олон янзын шинэ хандлагууд бий болсоор байна. ХХ зууны сүүлчээр дэлхийн улс орны улс төрийн коммуникацид нэвтэрч эхэлсэн нэгэн үзэгдэл бол улс төрийн талаарх мэдээлэл, сонгуулийн кампанийн сурталчилгаанд цэнгээнт өнгө аяс, урлаг, уран сайхан хүч түрэн орж ирж буй явдал юм. Судлаачид энэ үзэгдлийг “политайнмент” буюу “улс төр + зугаа цэнгээн = цэнгээнт улс төр” гэж нэрлэдэг.
Зүүн Азийн интеграцчилагдах үйл явц ба Монгол улс
Ш.Отгонбаяр, МУБИС, УТСС–ийн тэнхимийн багш, магистр

Судлаачдын үзэж буйгаар XXI зуунд олон улсын харилцаанд олон туйлт тогтолцоо улам бүр  бэхжих хандлагтай байна. АНУ хамгийн хүчирхэг нөлөө бүхий гүрэн хэвээрээ байх боловч Азийн их гүрнүүд болох Энэтхэг, ОХУ, Хятадын(Бразил, Мексик) нөлөө дэлхийн бодлогод чухал үүрэг гүйцэтгэж Ази номхон далайн бүс нутгийн нөлөө дэлхийн тавцанд шинээр гарч ирж дэлхийн бүс нутгуудын  хоорондын ялгаатай байдал (неоколонизм) улам багасна гэж таамаглаж байна. Ази тивийн хувьд интеграцчилагдах үйл явц эрчимтэй явагдаж иргэншлийн тэнхлэгээрээ хэд хэд хуваагдаад байна. Зүүн Ази, Лалын Ази, Энэтхэг гэсэн гурван том цагираг үүсч тэдгээрт 320 гаруй институци янз бүрийн түвшинд үйл ажиллагаа явуулж байна. Монгол улсын хувьд олон улсын интеграцид нэгдэх үйл явцын гараан дээр ирчихээд байгаа билээ. Ази дах энэ гурван том бүсчилэлээс Зүүн Азийг онцлон авч үзье.  
Үндэстний цөөнхийн сурч боловсрох, эх хэлээрээ харилцах эрх, түүний хэрэгжилт
У.Туяа, Доктор (Ph.D)

Хүн төрөлхтөн даяаршихын хирээр улс үндэстэн бүр түүний дотор үндэстний цөөнхийн хэл, соёл, өв уламжлалыг хадгалан үлдээх нь дэлхий нийтийн тулгамдаж буй асуудал, улс орон бүрийн төрийн бодлогын нэг хэсэг болж байна. Цөөнхийн талаар олон төрлийн тодорхойлолт, томьёолол байж болох авч, энэ дундаас үндэстний цөөнхийн тухай асуудлыг авч үзэж, судлах нь хүний эрхийн салбарт чухал ач холбоотой юм.
Чөлөөт бүсийн хөгжилд нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа
Д. Ганбаатар, ШУТИС,  КтМС, Маркетинг, үйлдвэрлэлийн профессорын баг, магистр

Дэлхийн улс орны хооронд байдаг худалдааны янз бүрийн хориг саадууд аажмаар багасч алга болж байна. Үүнд нөлөөлж буй гол хүчин зүйлийн нэг бол чөлөөт худалдааны бүс юм. Чөлөөт худалдааны бүсийг хөгжүүлснээр улс орны хөгжилд ч хувь нэмэр өндөр орно. Чөлөөт бүсийг хөгжүүлэх асуудал Монгол улсын хувьд шинэлэг ойлголт боловч энэ талаар сайтар судлах нь чухал байна. Чөлөөт бүсийн хөгжилд нөлөөлөх хүчин зүйл маш олон байна. Монгол улсын хувьд чөлөөт бүсийг хөгжүүлэх угтвар хүчин зүйлүүд юу байх вэ? гэдгийг судлах шаардлагатай байна.
Түлхүүр үг: угтвар хүчин зүйл, үндсэн хүчин зүйл
Aялал жуулчлалын талаарх төрийн бодлогын зарим асуудал
А.Болормаа, ШУТИС. КтМС. Эдийн засаг, Менежментийн салбар, Менежментийн профессорын багийн ахлах багш, Б.Нармандах, UBS телевизийн санхүү хариуцсан захирал, төрийн удирдлагын магистр 
Дэлхий даяарчлагдаж, дэлхийн эдийн засаг, технологийн ертөнц хил хязгааргүй болж байна. Дэлхий ертөнцийг танин мэдэх, бусад улс үндэстнүүдийн ахуй амьдрал, ёс заншилтай танилцах хүсэл, боломж нээгдэж, нэмэгдэж буй өнөө үед аялал жуулчлал хурдацтай хөгжин, улс орон бүр энэ салбарыг дэмжих бодлогыг баримталж, өөрийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалын салбарт орж буй орлогоос хувь хүртэхээр зорьж байна.
Аялал жуулчлал нь “утаагүй үйлдвэрлэл”, “үл үзэгдэх экспорт” гэдэг утгаараа дэлхий дахинд эрчимтэй хөгжиж байгаа тул уг илтгэлд аялал жуулчлалын талаар монгол улсын төрөөс баримталж бодлого, аялал жуулчлалын салбарын өнөөгийн үйл ажиллагааны зарим асуудлын талаар судалсан болно.
“Адгууслаг чанар буюу хүнийн сэтгэлзүй эдийн засгийг хэрхэн жолооддог мөн энэ нь яагаад дэлхийн капитализмд чухал тухай” номын шүүмж
Марь Д.Бадамдаш

Зохиогч Жорж Акерлоф, Роберт Шиллер нар уг бүтээлдээ өнөөгийн эдийн засгийн амьдралыг ойлгохын тулд хүний “адгууслаг чанар” (animal spirits) буюу хүний сэтгэлийн хөдөлгөөн, рационал бус хүчин зүйлс эдийн засгийн шийдвэр гаргалтад хүчтэй нөлөөтэй байдгийг тайлбарлажээ. Эдгээр хүчин зүйлийн дотор төсөөлөл итгэл, шударга харьцааны тухай эрмэлзэл, завшигч буруу сэдэл, мөнгөний талаарх ташаа ойлголт зэргийг дурдсан байна. Жирийн иргэдийн хувьд эдгээр хүчин зүйлс эдийн засгийн аливаа шийдвэр гаргах үйл явцад байнга нөлөөлж байдаг аж.

No comments:

Post a Comment