Saturday, July 14, 2012

Шинэ толь 2009/2. №65

С.Түмэндэлгэр. МУБИС, доктор, Ч.Дэлгэрмаа \Хүний эрх-Хөгжилт төвийн судлаач, МА, Чанарын судалгааны онолын үндэслэлүүд
Энэхүү өгүүллээрээ чанарын судалгааны онолын үндэслэлүүдийг нийгмийн онолын хандлагуудаар тодруулан гаргахыг зорилоо. Чанарын судалгааны онолын линз нь өргөн хүрээний буюу онтологи, эпистемологи, идеологийн хандлагуудаар тодорхойлогдож байдаг. Позитивизмийн хандлага нь тоон судалгааны, харин интерпретив хандлага, шүүмжлэлт онол, постмодернизм, феминизм нь чанарын судалгааны арга зүйн үндэс болдог байна. Нэр дурьдсан хандлагууд нь бодит байдлыг харах, түүнийг судлах удирдамж нь болдог.
Н. Болд. Удирдлагын Академийн багш. Захиргааны шинэтгэлийн орчин үеийн чиглэл, хандлага, туршлага
Барууны хөгжингүй орнууд 1980-аад оноос захиргааны шинэтгэлийн хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Шинэтгэлийн хөтөлбөрийн шинж чанар, хамрах хүрээ нь шинэ захиргааг бий болгох, мэдлэг, туршлага хуримтлуулах туршилтууд байсан хэмээн үзэж болох юм. Учир нь урьд өмнөх үеэс огт өөрөөр төрийг удирдах хэрэгцээ, шаардлага бий болж, мөн тодорхой үзэл баримтлалууд эрдэмтэн судлаач, профессоруудын дунд боловсруулагдаж, засгийн газрыг өөрчлөн байгуулах, сайжруулах талаар олон судалгаа шинжилгээ хийж байна. зориуд эхлүүлсэн захиргааны шинэтгэлүүд нь нийгэм-эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгож, хөгжлийн эерэг үр нөлөө үзүүлж байлаа. Энэ өгүүлэлээр шударга, тунгалаг захиргаа, цахим захиргаа, мэргэжлийн захиргааны талаар улс орнуудын хуримтлуулсан туршлагын талаар авч үзье.
В.Өлзийбаяр. Удирдлагын Академийн багш. Манлайллын онолын зарим асуудалд
Манлайлал бол байгууллагын амжилт, өөрчлөлт, инновацийн түлхүүр юм. Өнөөдөр удирдах ажилтнууд бүгд үүнийг хүлээн зөвшөөрч, манлайлагчийн ур чадвараа хөгжүүлэхийг хүсдэг боловч тэдэнд манлайллын онолын мэдлэг дутагддаг. Тэр тусмаа дэлхий нийтийн менежментийн онол, практикаас зөвхөн сүүлийн хорь хүрэхгүй жил суралцаж буй Монголын удирдах ажилтнуудад энэ тухай мэдлэг, мэдээлэл бүр ч их шаардлагатай байдаг. Учир нь манай удирдлагын сургууль, хөтөлбөрүүдэд нэгэн үе менежерийн хөгжилд түлхүү анхаарч байснаас манлайлагчийн хөгжлийг орхигдуулж байсан юм. Энэхүү өгүүлэлд манлайллын онол, тодорхойлолт, менежер ба манлайлагчийн ялгааны асуудлыг хөндөж, улмаар манлайллын хамгийн сүүлийн үеийн хүчтэй онолын нэг болох өөрчлөгч манлайллыг солилцооны манлайллын хамт цухас боловч тайлбарлахыг оролдлоо.
Д.Оюунчимэг. ШУТИС-ийн КтМС-ийн менежментийн профессорын багийн багш. Байгууллагын хөгжил - Бенчмаркинг
Хүн ямагт шинэ сонин зүйлсийг сэтгэж, тэднийг амьдрал ахуйдаа хэрэгцээтэй байдлаар нэвтрүүлдэг. Тэгж чадсанаараа алдар нэр, амжилт бүтээлийг олж болно. Гэхдээ “Хорвоо тэр чигээрээ өрсөлдөөн” гэдэг шүү дээ. Хэрэв та бусдын ямар нэг санааг илүү боловсронгуйгаар гаргаж чадвал та шинэ санаа гаргаснаас илүүтэйгээр амжилт олж болно. Та бидний мэддэг олон эрдэмтэн судлаачид ч мөн энэ байдлаар гарч ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн анх цаасаар шувуу хийж ашиг олсон бол, та цаасан онгоц хийснээр түүнээс илүү ашиг олж болно гэдгийг харах хэрэгтэй. Энэ бол Бенчмаркинг юм.
Э. Гэрэлт-Од. МУБИС-ийн багш. Намын дотоод ардчиллын зарим асуудал
Энэхүү өгүүлэлд миний бие ардчилсан тогтолцооны мөн чанар нь улс төрийн намуудын дотоод үйл ажиллагааг ардчилсан, гишүүний эрхийг хүндэтгэсэн, нээлттэй, чөлөөт зохион байгуулалттай байх ёстойг илрүүлэхийг зорьлоо. Мөн намын дотоод ардчиллын гэдэг нь гишүүд дотоод төлөөллийн байгууллага болон аливаа сонгууль, төрийн албанд нэр дэвшигчийг сонгоход оролцох, сонгох эрхээ эдлэх явдал юм. Ялангуяа төрийн сонгуульт албан сонгох, намын удирдлагыг сонгож байгуулах зэрэг намын дотоод төлөөллийн байгууллагад хүйсийн төлөөллийн боломжит хэлбэрээр хадгалах, санхүүгийн хувьд нээлттэй байх, сонгуулийн мөрийн хөтөлбөр болон намын үндсэн бодлогын баримт бичигт саналаа тусгах тухай асуудлууд давхар хөндөгддөг. Намын дотоод ардчиллын талаар онолын болон практик хоёр хандлага түгээмэл байна. Орчин үеийн томоохон судалгааны байгууллага болон судлаачид намын дотоод ардчиллыг тодорхойлох шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулсан байна. Үүнд, (1) сайн институтжсэн, (2) намын үзэл санаанд шударга ёс тогтсон, (3) намын зарчим тодорхой, (4) дотоод харилцаа хүчтэй, (5) төлөөллийн олон хэлбэртэй (эмэгтэйчүүд гэх мэт), (6) намын удирдагчыг сонгох үйл явцыг тодорхой журамласан, (7) төвлөрлийг сааруулсан зэргийг хамруулж байна. Мөн судлаачид намын дотоод ардчиллыг дэмжих гол хөшүүрэг нь намын эрх зүйн орчин мөн гэж үзэж байгаа нь орчин үеийн ардчилал, нам судлалын эмпирик асуудал болж байна.
Түлхүүр үг: ардчилал, улс төрийн нам, намын дотоод ардчилал, эрх зүйн орчин.
С.Мөнхбат. МУИС-ийн багш. Монгол дахь улс төрийн намын бүтэц-зохион байгуулалтын асуудалд
Намын уналт, бууралтын талаар эдүгээ олон үзэл санаа дэвшигдэж буй нь олон түмний нам намын хөгжлийн ганц загвар гэж үзэж ирсэнтэй холбоотой. Намын уналт, бууралтаас үүдсэн үзэл санаа нь намыг шинэчлэх, зарим талаар нийгмийн хөгжлийн бодит байдалд дасан зохицох зэрэг ялгаатай дүр төрхүүдийг бий болгож цаашид олон түмний нам намын хөгжлийн ганц загвар гэсэн үзэл санааны таамаглалаас ангижрах боломжийг бий болгож байна. Энэхүү өгүүлэлдээ дэвшүүлж буй гол асуудал бол Монгол дахь ардчилсан шилжилтийн явцад намын шинэ хэв маягийг хэрхэн төлөвшүүлэх вэ гэдэгт санал дэвшүүлэх явдал юм. Орчин үеийн намын хөгжилд намын шинэ хэв маягууд бий болсоор байна. Тухайлбал, Өргөн хүрээний нам, Картель нам гэх мэт. Төгсгөлд нь Монголын намуудад тулгарч буй сорилтуудыг тодруулах болно. Түлхүүр үг. Намын зохион байгуулалт, олон түмний нам, картель нам, сонирхлын агрегаци, намын зохион байгуулалтын шинэчлэл, намын шинэ хэлбэрийн төлөвшил
О.Өнөрцэцэг. МУБИС-ийн багш. Хүний эрхийг хамгаалах хууль, эрх зүйн үйлчилгээний хэлбэрүүд
Хүний эрхийг хамгаалах хууль эрх зүйн үйлчилгээний хэлбэрийг онол болон практик талаас нь судалж, АНУ-д хэрэгжиж байгаа хууль эрх зүйн үйлчилгээний онцлог, ач холбогдлыг тодорхойлон өөрийн орны нөхцөл байдалд тохируулан хэрэглэх санааг дэвшүүлсэн.

No comments:

Post a Comment