Saturday, July 14, 2012

Шинэ толь 2009/1. №64

Чонг – Мин Пак. Кориа Их Сургууль. “Зүүн Азид эвлэл холбоод нь ардчиллын сургууль болж чадах уу? Эвсэл холбоодод хамрагдах нь ардчилсан чиг хандлагад хэрхэн нөлөөлдөг вэ?”
Сүүлийн арваад жилийн хугацаанд ардчиллын чанар, бэхжилтэд иргэний нийгэм чухал үүрэгтэй хэмээн анхаарч иржээ. Ялангуяа, Токвиллийн уламжлалыг баригчид буюу Нео-Токвиллийн урсгал холбоод нь ардчиллын сургалтын бааз нь болдог гэж үздэг. Тэд иргэний нийгэм нь ардчилсан иргэдийг бэлтгэдэг зуршилыг дэмждэг гэж үздэг. Олон эшт үзлийн уламжлал, бие даасан байдал сул Азид Токвиллийн энэ санаа биеллээ олж чадах уу? Азийн ард түмнүүд нийтийн зорилго, сонирхлын төлөө эвлэлдэн нэгдэж, хам үйл хэрэг явуулах хандлага хэр байдаг вэ? Ази даяар эвлэл холбоод нь ардчиллын сургалтын бааз нь болж чадах уу зэрэг асуултад хариу авах үүднээс 2005-2007 оны Азийн Барометр судалгааны тоо баримтыг ашиглан эвлэл холбоодын гишүүнчлэлийн түвшин, түүний ардчиллыг дэмжигч хандлага, үйл хөдлөлд үзүүлэх нөлөөг дүгнэж шинжиллээ.

Н. Болд. Удирдлагын Академийн багш. “Дэлхий дахины захиргааны шинэтгэлийн хандлага, үйл явц”
Энэ өгүүллэлээр тунгалаг, шударга, цахим захиргаа, захиргааны мэргэжлийн хөгжил, соёлын шилжилтийн асуудлуудыг хөндөөгүй бөгөөд 21 дүгээр зууны захиргааны шинэ агуулга, зорилт нь төрийн албан хаагчид, иргэд, иргэний нийгэм, хувийн хэвшлийнхний уламжлалт сэтгэлгээнд асар ихээр нөлөөлөх нь дамжиггүй юм.
А. Болормаа. ШУТИС. КтМС-ийн ахлах багш. “Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангах нь”
Түлхүүр үгс: ардчилсан ёс, ил тод, нээлттэй байдал, шийдвэр, иргэдийн оролцоо Монгол улсын шинэ Үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ардчилсан ёсны зарчим нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмын нэг мөн. Үндсэн хуулинд тунхагласан энэхүү зарчим нь төрийн бодлого, шийдвэрийг иргэд мэдэх боломжтой, аливаа үйл ажиллагаа нь олон нийтэд ил тод, нээлттэй, шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэд оролцох боломжтой нөхцөлд жинхэнэ утгаараа хэрэгжинэ. Иймээс ард түмэн төрийн хэрэгт оролцох шаардлагыг хангах үүднээс төрийн байгууллагын аливаа үйл ажиллагааг иргэд, иргэний нийгмийн хяналт, оролцоотойгоор ил тод явуулах нь ардчилсан төрийн үндсэн шинж гэж үзэж байна. Нөгөө талаас иргэд өөрийн амьдрал, хувь заяагаа шийдэхэд нөлөөлөх бүхий л асуудлыг мэдэх, мэдээлэл авах, саналаа илэрхийлэх эрхтэй. Ардчилсан ёсны зарчмыг бодитой хэрэгжүүлэх, иргэний мэдэх эрхийг хангах, оролцоог хангах, үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүднээс төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлыг хангах нь зайлшгүй чухал асуудал болоод байна.
Ц. Бүжидмаа. Боловсрол судлалын доктор (Ph.D). “Боловсролын салбар дахь жендерийн тэгш байдал”
Монгол улсад ардчилсан үйл явц өрнөсөн сүүлийн 20-иод жилд хүний эрх, эрх чөлөө, жендерийн асуудал хүчтэй яригдаж, олон улсын болон төр, иргэний нийгмийн байгууллагуудын идэвх санаачилгаар энэ чиглэлийн үйл ажиллагаа эрчимтэй өрнөв. Боловсролын салбарт жендерийн стратегийг хэрэгжүүлэх, хүүхдийн эрх, жендерийн тэгш байдлыг хангах нь хууль эрх зүйн орчин, бодлого төлөвлөлт, бүх шатны боловсролын удирдлага зохион байгуулалт, санхүүгийн болон бусад нөөц, салбар дундын болоод олон нийтийн оролцооноос хамаарсан цогц үйл явц бөгөөд энэ чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор урган гарч, шийдлээ хүлээж байна.
С. Түмэндэлгэр. МУБИС-ийн багш, доктор (Ph.D), Ц. Одгэрэл. МУИС-ийн докторант. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл ба соёл хоорондын асуудлууд
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь нэг талаас нийгмийн бүтэц, тодруулбал, эрх мэдлийн бүтцээс хамаарч байна. Нөгөө талаас эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэж буй хүчирхийллийн шинжтэй үйлдлийг хүчирхийллийн бус гэж үзэх, эсвэл хайнга хандах соёлын итгэл үнэмшил, үнэт зүйлсийн тогтолцооноос буюу соёлоос хамаарч байна. Эцгийн эрхт ёс бүхий ихэнх нийгмүүдэд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл байсаар байгаагийн суурь шалтгааныг соёлын уламжлал, шашинтай холбон тайлбарлаж байна. Иймд нүүдэлчний амьдралын хэв маяг хийгээд буддын шашны итгэл үнэмшилд суурилсан Монголчуудын уламжлалт зан заншил, шашны Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлд түлхэц үзүүлж буй байдлыг тодорхойлон улмаар бурангуй үзэл хандлагыг өөрчлөхөд үр нөлөө бүхий арга замыг судлан тодорхойлох шаардлагатай байна. Энэхүү өгүүллээрээ Монголчуудын уламжлалт зан заншил, шашны Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлд түлхэц үзүүлж буй талуудыг тодруулан хэлэлцүүлэхэд чиглэлээ.
Ц. Мөнхцэцэг. МУБИС-ийн багш, докторант. Сонгуулийн кампанийн коммуникацийн онолын ба эмпирик асуудал: Монгол улсын жишээн дээр
Сонгуулийн үйл явцыг судлах нь нэгэн зэрэг улс төрийн намуудын төлөвшил, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон түмний улс төрийн боловсрол, иргэний соёл зэрэг аливаа улсын ардчиллын гол үзүүлэлтүүдийг илрүүлэх боломжтой болдог тул судалгааны болон практикийн ихээхэн ач холбогдолтой билээ. Энэхүү өгүүлэлд Монголын сонгуулийн кампанийн хэв маяг, улс төрийн намуудын сонгуулийн стратегийг 2008 оны УИХ-ын сонгуулийн жишээн дээр авч үзлээ. Монголын улс төрийн намуудын сонгуулийн кампанийн хэв маягийг тодорхойлохдоо 2008 оны УИХ-ын сонгуулийн кампанийн үеэр хийсэн тоон болон чанарын судалгааны үр дүнд тулгуурлан АНУ, ХБНГУ-ын судлаачдын судалгааны арга зүйг ашигласан болно.
Э.Гэрэлт-Од. МУБИС-ийн Улс төр судлал, Социологийн тэнхмийн багш, О.Машбат. МУИС-ийн Улс төр судлалын тэнхмийн багш “Монгол дахь сонгуулийн систем улс төрийн намын төлөвшилд нөлөөлөх нь”
Монгол улс 1989 онд нэг намын дарангуйлсан тогтолцооноос олон нам шударгаар өрсөлддөг, хүний эрхийг дээдэлсэн, чөлөөт ардчилсан улс төрийн тогтолцоонд шилжсэн. Энэ цагаас хойш эдүгээ 20 жил өнгөрчээ. Энэ бол бага хугацаа биш. Гэвч дэлхий дахины ардчилал, эрхийн төлөөх өнгөрсөн 200 жилтэй харьцуулахад их биш ч, ардчилсан институциуд, тэр дундаа улс төрийн намын төлөвшлийг чиглүүлж болохуйц цаг хугацаа. Харамсалтай нь засаглалд бодитойгоор оролцогч улс төрийн намуудын ашиг сонирхолд тулгуурласан бодлого хэрэгжиж байсан нь өнөөдөр улс төрийн нам, цаашлаад намын системийн төлөвших үйл явцад саад болж байна гэж үзэж байна. Бид Монгол дахь сонгуулийн системийн тогтворгүй байдал нь улс төрийн намын төлөвшилд хэрхэн нөлөөлж байгаа, эрх баригч намууд яагаад сонгууль бүрийн дараа сонгуулийн эрх зүйн орчинг хөндөж байгаа шалтгааныг илрүүлэхийг зорьлоо.

No comments:

Post a Comment