Saturday, July 14, 2012

Шинэ толь 2008/3. №62

П.Доржсүрэн. Удирдлагын Академийн Төрийн удирдлагын тэнхимийн багш. Засаглалын төлөв байдлыг хэмжихүй
Сүүлийн арав гаруй жилд засаглал, түүний чанарын тухай асуудлыг судлах явдал өргөжин тэлэв. Засаглалын үзүүлэлтийг тодорхойлж, засаглалын төлөв байдлыг хэмжиж үнэлэх, засаглалын үзүүлэлтийг хөгжлийн болон зээл тусламжийн бодлогод хэрэглэх арга замыг судлах явдал засаглалын судалгааны үндсэн чиглэл болж байна.
Зохиогч засаглалын тухай ойлголт, сайн засаглалын хэмжүүр, засаглалын үзүүлэлтийн ангилалын тухай өгүүлж, засаглалын үзүүлэлтийг тодорхойлж, засаглалын төлөв байдалд үнэлгээ хийдэг зарим судалгааг тоймлон авч үзсэн байна. Олон улсын судалгааны байгууллагаас гаргаж буй засаглалын үзүүлэлтийг боловсронгуй болгохын зэрэгцээ үндэсний болон орон нутгийн түвшинд бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд хэрэглэх үзүүлэлтийн системийг бий болгох, түүнчлэн засаглалын үзүүлэлтийг тодорхойлох арга зүйг боловсронгуй болгох нь чухал байгааг тэмдэглэжээ.

Д.Болд-Эрдэнэ. ШУА-ын ФСЭХ-ийн улс төр судлалын салбарын эрхлэгч, доктор, дэд профессор. Намын систем: онол, арга зүй
Сүүлийн намын системийг засаглал, засаглалын харилцааны хүрээнд түүнтэй шүтэлцүүлэн авч үзэх хандлага хүлээн зөвшөөрөгдсөн чиглэл болж байгаа юм. Учир нь засаглал, засаглалын харилцаа нь “улс төрийн систем”, “намын систем”, “улс төрийн нам” гэсэн нийгмийн бие даасан бүхэл тогтолцлын харилцан шүтэлцэл хамаарлын гол шижим үндэс нь болдог.

Э.Гэрэлт-Од. МУБИС-ийн багш, Улс төрийн шинжлэх ухааны магистр. Монголын улс төрийн намын дотоод ардчилал: шийдвэр гаргах түвшин дэх гишүүдийн оролцоо
Улс төрийн нам аливаа шийдвэрийг гишүүдээсээ асууж, тэдний хүсэл, эрмэлзэлд тулгуурлаж шийдвэрлэдэг байх нь ардчиллын суурь зарчим бөгөөд энэ нь гишүүдийн сонгох, сонгогдох эрхээ эдлэх, үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгодог. Иймээс энэхүү судалгааны өгүүлэлд улс төрийн намын дотоод ардчиллын үндэс болсон шийдвэр гаргах түвшин дэх гишүүдийн оролцоо ямар байгаа, цаашид гишүүдийн оролцоог дэмжихэд юунд анхаарах ёстой гаргахыг зорьлоо.
Ч.Тамир. МУИС-ийн Социологийн тэнхмийн багш. Улс төрийн намын санхүүжилт ба хандивлагчид
Өнөөдөр манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн намууд зардлаа хэрхэн санхүүжүүлж байгаа бодит нөхцөл байдал дээр тулгуурлан түүнээс үүдсэн нийгмийн үр дагавар ялангуяа, сөрөг шинжтэй асуудлыг энэхүү өгүүллээрээ хөндөн гаргахыг оролдлоо.
Намын санхүүжилт нь тодорхой зориулалттай, түүнийг хөндлөнгөөс хянадаг байгууллагатай, илт тод болох юм бол намууд хандивлагчдаас санхүүгийн дэмжлэг авснаар төр иргэн хоёрыг холбох үүргээ илүү сайн гүйцэтгэх бололцоотой болох билээ.
А.Болормаа. Төрийн удирдлагын магистр, багш. Монгол улсын төрийн албаны шинэтгэлийн бодлогын асуудалд
Миний бие энэхүү нийтлэлд Монгол улсын төрийн албанд шинэтгэл хийх болсон шалтгаан, түүний үе шат, үе шат бүрт тодорхойлсон бодлогын асуудлын талаар авч үзсэн бөгөөд харин бодлогын хэрэгжилт, үр дүн, анхаарах асуудлын талаар дараагийн удаа судалж үзэх болно.
С.Түмэндэлгэр. МУБИС-ийн Нийгмийн ухааны тэнхмийн багш (Ph.D). Социологи дахь феминист арга зүйн үзэл баримтлал
Уг өгүүлэл нь феминизмийг социологийн арга зүйн альтернатив шинэ хандлага болох талаас нь хөндөн авч үзлээ. Феминизмийн нийгэм, бие хүний оршихуйн онцлог бүхий үзэл баримтлал нь нийгмийн судлах өвөрмөц аргачлал, техникийг шаардаж байгаа тухай өгүүллээ. 
Б.Дэлгэрмаа. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч, (Ph.D). Эмэгтэйчүүд ардчиллын он жилүүд
Одоогоос яг арван найман жилийн өмнө, гуравдугаар сарын салхи хавирга нэвт үлээсэн өдрүүдэд монголын эрэлхэг охид хөвгүүд улс эх орондоо шинэ цаг, хөгжил дэвшил, эрх чөлөөг авчрахаар амь насаараа дэнчин тавьж байсан билээ. Тэдний ард хүүдээ зовнисон монголын эхчүүд, ханиа хүлээсэн халамжит гэргий нар халуун сэтгэлтэйгээ хамт байсан. Тэр өдрүүдийг бахархалтайгаар эргэн дурсах эрхтэй хүмүүс билээ бид.
Монголчууд улс орныхоо хувь заяанд сэтгэл зовинож, туулсан замналаа эргэн цэгнэж, хүнээ дээдэлсэн нийгмийн шинэ тогтолцооны өмнө ирснээ мэдэрч байсан билээ.
Улс төр, эдийн засгийн шинэчлэлтийг нэгэн зэрэг хийсэн хувьсгал гэж ардчилсан хувьсгалыг түүхэнд нэрлэсэн нь түүний ач холбогдлыг үнэлсэн хэрэг юм.
М.Батсуурь. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Ч.Өнөрбаяр. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш. Харьцуулсан эрх зүй дэх шинэ хандлага ба Монгол улс дахь эрх зүйт ёсны төлөвшил
Харьцуулсан эрх зүй нь шинжлэх ухаан уу, арга уу? Харьцуулсан эрх зүй юу, харьцуулсан эрх зүй судлал уу, эсхүл эрх зүйн харьцуулалт уу? 
Бидний нийтлэлийн зорилго бол харьцуулсан эрх зүйн үүднээс эрх зүйн шинэтгэлийн үндэс болсон Үндсэн хуулинд онолын задлан шинжилгээ хийхэд оршино. Гэхдээ харьцуулсан эрх зүй дэх шинэ хандлагыг тодруулахгүйгээр энэ оролдлого маань амжилттай болохгүй билээ.
Ц.Мөнхцэцэг. Улс төр судлаач. Монголын хэвлэл мэдээлэл ба популизм
Монголын хэвлэлүүд үнэний дуу хоолой болохын оронд популистуудын дуу хоолой болчих гээд байх юм. Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж гэх мэт олон түмний хэрэгцээн дээр тоглон эх орон, газар нутгаа гэх үзэл, эх оронч байдлыг нь өдөөх замаар өөрсдийн нэр хүндийг бэхжүүлэгч популистууд төрийн бодлогод нөлөөлөх, төрийг гартаа авахад улс орны тогтворт байдал алдагдаж, ихэнхдээ дарангуйлагч дэглэмд хүрдгийг 30-аад оны Герман, 70-аад оны Аргентин, Чили, сүүл үеийн Гүрж, Украины үйл явдлууд харуулж байна. Монгол улс маань эдгээр орнуудын алдсан алдааг давтахгүй тойроод гараасай гэсэндээ энэхүү нийтлэлийг хүргэлээ.

No comments:

Post a Comment