Saturday, July 14, 2012

Шинэ толь 2008/1, №60

Д.Болд-Эрдэнэ. ШУА-ийн ФСЭХ-ийн улс төрийн салбарын эрхлэгч, доктор, дэд профессор Монгол дахь улс төрийн гуравдагч хүчин: шаардлага, боломж.
Монголд улс төрийн даацтай гуравдагч хүчин үр нөлөөтэй оршин үйлчилж чадвал тус орны улс төрийн амьдралын хүрээн дэх сөрөг төвлөрлийн үйл явцыг сааруулж, хүчний зохистой тэнцвэр бий болж, төлөвшиж цэгцэрсэн цөөн хүчтэй намууд өсч бойжих таатай орчин бүрдэх учиртай юм. Иймд одооноос эл асуудлын учир зүйг бодитой шинжлэн нийгмийн улс төрийн амьдралд үзүүлэх гуравдагч хүчний нөлөө, оролцоо гүйцэтгэх үүрэг, төлөвшүүлэх арга боломжийн тухайд зөв баримжаа төсөөлөлтэй байх нь нэн ач холбогдолтой байна.

Ч. Тамир. МУИС-ийн Социологийн тэнхмийн багш. Ард нийтийн санал асуулгын хуулийг өөрчлөх саналын тухайд:
Монгол бол сонгуульчлагдсан ардчилсан төртэй улс юм. Тиймээс бодлого боловсруулах үйл явцад иргэдийн шууд, идэвхтэй оролцоог дээшлүүлэх асуудал ихээхэн чухлаар тавигдаж байгаа. Уг нь 1995 онд ард нийтийн санал асуулга явуулах хуулийг баталсан ч өнгөрсөн хугацаанд нэг ч удаа, тэр бүү хэл 1999-2000 онд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийхдээ хүртэл хэрэглээгүй юм. Үүнийг маш олон учир шалтгаанаар тайлбарлаж болох юм.
Ц.Мөнхцэцэг. Улс төр судлаач. Монгол маягийн парламент буюу дэггүй УИХ:
Харин Монгол маягийн парламент хаана ч байхгүй дархан эрхтэй, хариуцлага хүлээдэггүй ажээ. Үүний нэг жишээ нь УИХ-аас саяхан баталсан Дэгийн тухай хууль юм. Хууль ч гэж дээ, дэгийн тухай тогтоолын нэрийг нь солих төдийгөөр хууль болгоод баталчихсан юм. Уг нь энэ асуудал дээр ач холбогдол өгч, анхааран үзсэн бол парламентат ёсыг төлөвшүүлэхэд хэрэгтэй эрх зүйн акт болох байсан авч УИХ-ын гишүүд ч, УИХ-д суудалтай намууд ч, хэвлэл мэдээллийнхэн ч тэр анхаарч үзсэнгүй. Ёстой л “нүглийн нүдийг гурилаар хуурав” гэгчээр болж өнгөрлөө.
Ч.Сосормаа. Төрийн захиргааны удирдлагын магистр. Яамдын түвшинд бодлого боловсруулах, шийдвэр гаргахад олон нийтийн оролцоог хангах нь
Монгол улсын яамдын түвшинд бодлого боловсруулах ба шийдвэр гаргах үйл явцад олон нийтийн оролцоог хэрхэн хангаж байгаад дүн шинжилгээ хийж цаашид сайжруулах арга замын талаар санал боловсруулах.
Ч.Өнөрбаяр (LLM). МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш. Институтжсэн хуулиас иргэнлэг хууль руу...
Коммунизмын задралаас хойш хүн төрөлхтний бараг тэн хагас нь гэгээрсэн удирдагч, тулхтай төрийн түшээдээс илүүтэйгээр хараат бус шүүх, иргэдийн сайн дурын оролцоон дээр суурилсан иргэний нийгмийн байгууллагуудад өөрсдийн эрх чөлөө, итгэл найдвар, хувь заяагаа даатгаж, тэднээс их зүйлийг хүсэн хүлээж байсан гэж хэлж болно. Хэсэг хугацаа өнгөрөхөд тэдний цөөн хэсэг нь эргэлзээ тээнэгэлзэл, цөхрөл гайхшралд орсон байхад, дийлэнхи хэсэг нь чадваргүй засгийн газрын хийж чадахгүй ажлыг иргэний нийгмийнхэн хүргэж чадаж байна хэмээн бичих болов. Монгол улсын хувьд эхний буюу эргэлзсэн, тээнэгэлзсэн, цөхөрсөн, итгэл алдарсан тэр хэсэгт нь орох хандлага илүүтэй ажиглагдах боллоо. Үүний шалтгаан нь сул дорой, боловсролгүй, ядуу иргэддээ байна уу? эрх мэдэлтэй, чинээлэг, хариуцлагагүй улс төрч нарт байна уу? аль эсхүл монгол хүний сэтгэлгээний онцлогт байна уу?, зүгээр л иргэний нийгмийн байгууллагууд сул дорой, чадавхигүй байна уу? гэсэн олон арван асуултыг тавьж болох байх. Гэсэн хэдий ч энд би “эрх зүй судлаач” болохынхоо хувьд асуудлыг зөвхөн хууль тогтоомжийн төвшинд авч үзэх болно.
У.Туяа, (Ph.D). Либерти дээд сургуулийн Сургалтын албаны дарга, “Эзэнгүй эрх зүй”-г эзэнтэй болгох нэгэн гарц
Манайд тэр болгон яригддаггүй мэргэжилтний эрх зүйн боловсролын тухай асуудлыг багш мэргэжлийн хүрээнд судалж буй боловсролын эрх зүйн асуудлаар дамжуулан хөндөхийг зорилоо.
Ц.Бүжидмаа, (Ph.D). Либерти дээд сургуулийн багш. Иргэний боловсролын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал
Монгол улс хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулах зорилгыг Үндсэн хуулиндаа тунхаглан зарласнаас хойшх арав гаруй жилийн хугацаанд ардчилсан нийгмийн иргэний шинэ үнэлэмжийг төлөвшүүлэх шууд зорилго дэвшүүлсэн үндэсний хэмжээний бодлого байхгүй, үзэл баримтлалаа тодорхойлоогүй өнөөг хүрсэн нь ардчиллын хөгжлийн үр дүнг саармагжуулж, зарим талаар ухралтад хүргэж байна.
1990-ээд оноос хойш Монгол Улсад НҮБХХ, ННФ, АНУ-ын Азийн сан, Конрад Аденаур сан, АНУ-ын БНОУХ зэрэг олон улсын байгууллагууд түүнчлэн дотоодын ТББ-ууд иргэний боловсролын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр байгууллагуудын олонх нь хүний эрхийг хамгаалах, ардчиллыг бэхжүүлэх, ардчилсан нийгэмд мэдлэгтэй, мэдээлэлтэй, хариуцлагатай, идэвхтэй иргэдийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.
Гэвч иргэний боловсролын чиглэлээр хэрэгжүүлж буй эдгээр арга хэмжээнүүд нь нэгдсэн хөтөлбөртэй явагдаж чадахгүй байгаагаас хүн амыг хамрах хүрээг өргөтгөх, үйл ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэх, төрийн байгууллагууд, ТББ-ууд хамтарч ажиллах, хүчээ нэгтгэх ажил хийгдэхгүй байна. Сүүлийн жилүүдэд сонгогчийн боловсрол, хүний эрх, эрх зүйн боловсролын чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх, албан боловсролын хөтөлбөрт суулгаж өгөх зэргээр багагүй ажлыг төрийн ба төрийн бус байгууллагуудаас хийсэн боловч энэ нь агуулгын хувьд болон бүтцийн хувьд институтчлэгдээгүй тул хэсэг бусаг шинжтэй болж байна.
Иймээс иргэдэд иргэний нийгмийн үнэлэмж үнэт зүйлсийг түгээх, иргэнлэг чанар, иргэний эрх үүргээ хэрэгжүүлэх чадамж, мэдлэг, хандлагыг төлөвшүүлэх үйл ажиллагааг хангах зорилго бүхий иргэний боловсролын тогтвортой, үр ашигтай тогтолцоог бий болгох явдал чухлаар тавигдаж байна.
А.Болормаа. Төрийн удирдлагын магистр. Төрийн ил тод, нээлттэй байдал
Иймээс ард түмэн төрийн хэрэгт оролцох шаардлагыг хангах үүднээс төрийн аливаа үйл ажиллагааг иргэд, иргэний нийгмийн хяналт, оролцоотойгоор буюу ил тод явуулах нь ардчилсан төрийн үндсэн шинж гэж үзэж байна. Нөгөө талаас иргэд өөрийн амьдрал, хувь заяагаа шийдэхэд нөлөөлөх бүхий л асуудлыг мэдэх, мэдээлэл авах эрхтэй. Иймд ардчилсан ёсны зарчмыг бодитой хэрэгжүүлэх, иргэний мэдэх эрхийг хангах үүднээс төрийн ил тод, нээлттэй байдлыг хангах нь зайлшгүй чухал асуудал юм.

No comments:

Post a Comment