Saturday, July 14, 2012

Шинэ толь 2007/2, №59

У.Туяа, УТБА-ийн дэргэдэх Либерти Дээд сургуулийн сургалтын албаны дарга. Иргэний боловсрол
Өнөөгийн бидний амьдарч буй цаг үе бол маш өрнийн өөрчлөлт шинэчлэлтийн үе бөгөөд бидний харилцаа, үнэт зүйлс өөрчлөгдөн хувирч байна. Үүнийг дагалдан хүмүүсийн амьдралын хэв маяг ч өөрчлөгдөж буй бөгөөд түүнд хэрхэн дасан зохицох, хөгжих асуудал нэн чухлаар тавигдах болжээ. Монголчууд бид 1990-д оноос эхлэн дээрх өөрчлөлтүүдтэй хөл нийлүүлэн улс төр, эдийн засгийн болон нийгмийн бүхий л харилцаанд цогц шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж байгаа билээ. Эдгээр шинэчлэлийн зорилго бол 1992 оны Үндсэн хуулинд томъёолсончлон хүмүүнлиг, иргэний ардчилсан нийгмийг байгуулах явдал хэмээн бид ойлгодог. Гэтэл энэхүү нийгмийг бүтээх, хөгжүүлэх, ажиллаж, амьдрах иргэдийн тухай асуудал төдийлөн анхаарал татаж байсангүй. Аливаа нийгмийн хөгжлийн чиг хандлага, түүний ирээдүйн дүр зургийг тухайн нийгмийн гишүүдийн үзэл бодол, байр суурь, иргэнлэг хандлагаар тодорхойлдог тул дэлхийн улс орнуудад иргэний боловсролыг насан туршийн боловсрол хэмээн үзэж бүх шатны сургуулийн болон арлбан бус боловсролын агуулгаар дамжуулан иргэдийг нийгмийн харилцаанд бэлтгэж байна.

Д. Болд-Эрдэнэ, ШУА-ийн ФСЭХ-ийн Улс төр судлалын салбарын эрхлэгч, доктор, дэд профессор. Монгол дахь тоталитаризм: үүсэл бүрдэлт, үе шат, онцлог
Тоталитаризм бол өнгөрсөн зууны томоохон үр дагавар бүхий улс төрийн онцгой үзэгдэл юм. Улс төрийн үзэгдлийн хувьд энэ нь Ази болон баруун Европын олон улс оронд тодорхой цаг хугацааны турш бодитой оршин үйлчилж байжээ. Ингэхдээ нийтлэг нэгэн шинж, агуулгын хүрээнд хэрэгжиж байсан хэдий ч тухайн улс орны нийгэм-улс төрийн түүхэн тодорхой нөхцөл байдал, үзэл, сэтгэлгээний онцлог, амьдрал, иргэншлийн хэв маяг, гадаад нөлөөллийн тодорхой нөхцөл зэрэг олон бодит хүчин зүйлтэй уялдан энэ нь бас өвөрмөц арга, хэлбэрээр илэрсэн юм. Энэ зүй тогтол монгол хувьд ч тодорхой байдлаар давтагдсан билээ. Тиймээс ч монгол оронд хэрэгжин, туршигдсан тоталитар дэглэмийн үүсэл бүрдэлт, үе шат, шинж онцлогийн асуудлыг тусгайлан авч үзэж, судлах нь онол, танин мэдэхүйн болон сургамж, ухаарлын талаасаа үлэмжхэн ач холбогдолтой юм. Тэгэхдээ энэ асуудлыг авч үзэхийн өмнө өгүүлэн буй нэр томъёоны гарал зүй, утга учир, онцлогийн талаар товч боловч цөөн зүйлийг тодруулан үзэх нь зүйтэй юм.
Б. Дэлгэрмаа, Доктор. Өнөөгийн Монголын нийгэм дэх олон намын тогтолцооны төлөв байдал
Аливаа улсад юуны өмнө социал сонирхлын ямар бүлэглэлүүд байгаа, засаглалын ямар хэлбэр: ерөнхийлөгчийн үү аль эсхүл парламентын уу - оршиж байгаа, сонгуулийн ямар тогтолцоо: мажоритар уу, пропорционал уу - үйлчилж буй зэргээс шалтгаалан тухайн улсын олон намын тогтолцооны онцлог гарч ирнэ. Ихэнхдээ ерөнхийлөгчийн засаглалтай, мажоритар сонгуулийн системтэй оронд хоёр том намын тогтолцоо төлөвшиж бүрддэг бол, хувь тэнцүүлсэн төлөөллийн сонгуулийн системтэй, парламентын засаглалтай улс орнуудад хоёроос дээш улс төрийн намууд улс орны амьдралд идэвхтэй үүрэгтэй оролцдог. Манай орны хувьд хоёр том намын тогтолцоотой юу эсхүл хоёр ба түүнээс дээш олон намын тогтолцоотой юу гэсэн асуултын хариуг онол-практикийн түвшинд судалж хариулах цаг нэгэнт болсон болов уу.
М.Болормаа, Эмэгтэй удирдагч сангийн тэргүүн. Хүйсийн тэгш эрх ба Шинэ улс төр, шинэ үнэлэмж
Хүйсийн тэгш эрх нь Мянганы тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд голлох үүрэгтэй бөгөөд нийгмийн бүх гишүүдийн бүрэн дүүрэн оролцоогүйгээр амжилттай хэрэгжиж чадахгүй эрсдэлтэй тулгарна. Хүйсийн тэгш эрх нь эмэгтэйчүүдэд ядуурлаас гарах чадвар олгохоос гадна хүүхэд, гэр бүл, хамт олон, орон нутаг, цаашилбал улс оронд ач тусаа өгч сайн засаглалын чадавхийг бэхжүүлэх нэгэн хөшүүрэг болно. Хүйсийн тэгш эрх тэгш байдал нь ёс суртахууны хувьд зөв зүйтэй зүйл төдийгүй хүний хөгжил дэвшилд гол тулгуур нь болдог.

No comments:

Post a Comment