Saturday, July 14, 2012

Шинэ толь 2006/4, №57

Д.Болд-Эрдэнэ. Монголын ардчиллын парадокс
Энэ өгүүлэлд Монголын ардчилалд учираад байгаа бэрхшээл, асуудлыг тодорхой шинжлэн үзсэн. Зохиогч Монголын өнөөгийн ардчиллын ирээдүйн хувь заяаны асуудлыг хөндөж тавиад, ардчиллаас ухрах эсхүл ардчиллын зарчмуудыг боловсронгуй болгож, төлөвшүүлэх гэсэн хоёр замын аль нэгийг сонгох хэрэгтэй байгааг дурьдсан байна. Тэрээр өнөөгийн ардчилалд тохиолдож буй бэрхшээл, асуудлыг “системийн хямрал” гэсэн агуулгаар биш харин илэрхий тодорхой парадокс гэсэн агуулгаар авч үзсэн. Ингээд ардчиллын парадоксын шалтгаан, шинж, онцлог, хэлбэрийн талаар санаа бодлоо илэрхийлсэн байна.

Ц.Мөнхцэцэг. МБИС-ийн багш. Бэлгэ тэмдгийн улс төр
Онолын асуудал ба Монгол дахь төлөв байдал. Өрнөдийн улсуудад бэлгэ тэмдгийн улс төрийн талаар ихээхэн судалгаа хийгдсэн байдаг бол манайд энэ үзэгдэл бодит амьдралд хэзээнээс байсаар ирсэн хэдий ч судалгааны түвшинд хөндөгдөж байгаагүй шинэ сэдэв тул энэхүү өгүүлэлд бэлгэ тэмдгийн улс төрийг онолын түвшинд авч үзэж судалгааны эргэлтэнд оруулах зорилго тавилаа.
Х.Гүндсамбуу. Нийслэлийн ажил эрхлэгчдийн нийгмийн хөрөг
Монгол улс суурин соёл, иргэншилд орж, нүүдэл, суурьшил гэсэн зэрэгцээ, хос соёл, иргэншилтэй боллоо. Үүний маргашгүй бөгөөд сонгодог төлөөлөл нь өчигдрийн социалист үлгэр жишээ, өнөөдрийн зах зээлийн Улаанбаатар хот юм. Түүний өнгө төрхийг захиргааадал биш, зах зээлийн хөгжил тодорхойлж байгааг цухас дурьдъя.
Т.Түмэннаст. МУИС-ийн Социологийн тэнхимийн багш. Шилжилтийн үеийн гэмт хэргийн өсөлт, цэцэглэлтийн нийгмийн суурь хүчин зүйлс, социологийн эрэл, хайгуул
Монголын нийгмийн харилцаа урьд байгаагүйгээр балмад болж, бид хүмүүнлэг бус, шударга бус, амар тайван бус, хууль бус нийгэмд амьдрах болжээ. Сүүлийн 5 жилд явуулж ирсэн судалгааны дүнгээс үзэхэд хүмүүсийн санаа зовниж байгаа асуудлын дунд гэмт хэргийн өсөлт тогтмол өндөр хувьтай явж ирсэн байх юм. Тухайлбал, 2000 онд Социологийн Академи төвийн явуулсан судалгааны дүнгээр судалгаанд оролцогчдын 30,5 хувь нь энэ асуудалд илүүтэй санаа зовж байгаа гэсэн бол, 2005 онд “Хот суурингийн гэмт хэргийн судалгаа”-нд 33,6 хувь нь ийнхүү үзжээ. Мөн хөдөө орон нутагт хийгдсэн “Нийгмийн харилцааны өөрчлөлт, шинэчлэлт” судалгаанд оролцогчдын 67 хувь нь гэмт хэргийн нөхцөл хүндэрч байна гэж хариулсан байна.
Сүүлийн хэдэн жилийн судалгаанд тулгуурлан шилжилтийн үеийн нийгмийн харилцаа гэмт хэргийн өсөлт, цэцэглэлт хийгээд “балмаджих” (Английн criminalization буюу оросын криминализация хэмээх энэ ойлголт) үйл явц, түүний суурь хүчин зүйлсийн талаар зарим нэг үзэл бодол, дүгнэлтээ та бүхэнтэй хуваалцахыг хүслээ.
Доктор Ясмин Лоди. Судалгааны ажил бичих заавар
Судалгааны ажил бичих нь амаргүй даваа байдаг. Энэхүү заавар нь судалгааны ажил бичих явцыг үе шат бүрээр нь тайлбарлах замаар та бүхэнд тус болох зорилготой юм. Товчоор хэлэхэд ихэнх эрдэм шинжилгээний бүтээл нь оюун ухааны хайгуул байдаг тул олон чухал асуулт тавигддаг тул сэдвийг сайтар уншиж судлах шаардлага гардаг. Зөв хариултыг олохын тулд ном зохиолыг оновчтой сонгон судлах хэрэгтэй. Дараа нь илэрхийлэх гэсэн санаагаа боломжийн хэмжээ ашиглан судалгааны ажилдаа оруулна. Судалгааны явцын үе шатны төрөл зүйлийг авч үзлээ.

No comments:

Post a Comment