Sunday, July 8, 2012

Шинэ толь 2006/3, №56

Д.Бямбасүрэн. Профессор. Монголын эдийн засгийн хөгжлийн хүчин зүйлс, зам мөрийн зарим асуудал.
Монгол орон шинэ нийгмийн тогтолцоонд шилжсэнээс хойш 15 жил болоход орших, эс оршихуйн хувь заяаг шийдэх нэн хурц асуудалтай тулгарч байна. Энэ бол эдийн засгийн хөгжлийн асуудал юм.
Монгол орон богино хугацаанд даацтай хөгжлийн зам мөрөө олж, үр үндсийг нь тавьж бэхжүүлсэн нөхцөлд л эрчимтэй хөгжиж буй бүс нутаг, Дэлхий ертөнцийн орчинд хувь заяаныхаа жолоог гартаа барьж, бүрэн эрхээ хадгалж орших болно. Ийм сонголт хийж чадахгүй бол эдийн засгийн хараат дагуул байдалд орох төдийгүй, түүхэн эмгэнэлт байдалд хүрч болно.

Д.Ганбат (Ph.D). Улс төрийн Боловсролын Академийн гүйцэтгэх захирал. Ардчиллын институци ба монголчуудын үнэлгээ.
“Ардчилал, Засаглал ба Хөгжил” сэдэвт олон улсын Азийн барометр нэртэй судалгааны хүрээнд Монгол улсад уг судалгааг хоёр удаа явуулсан байна. Монгол улс дахь энэхүү судалгааг Улс төрийн Боловсролын Академи эрхлэн явуулдаг ба эхний судалгааг 2003 оны эхээр дуусгасан бол удаахи судалгааг 2006 оны 5-6 сард явуулсан. Судалгааны зарим нэг сонирхол татах харьцуулалтыг түүвэрлэн толилуулж байна.
Д.Болд-Эрдэнэ. ШУА-ын Философийн социологи, Эрхийн хүрээлэнгийн улс төрийн салбарын эрхлэгч, дэд профессор. 
Монгол дахь ардчилсан өөрчлөлтийн онолын зарим асуудал. Монголын ардчиллыг бэхжүүлж, төлөвшүүлэхийн тулд их зүйл хийх хэрэгтэй байгаа юм. Ядаж л ардчиллын хүрсэн түвшин, шинж, онцлог, тулгарч буй асуудал, цаашдын төлөв байдлын талаар онолын зөв бодитой төсөөлөлийг нийгэмд бий болгох хэрэгтэй. Харамсалтай нь манайд энэ талын бүтээлч сэтгэлгээ, эрүүл саруул оюунлаг мэтгэлцээн, үгүйлэгдэж байна. Өнөөдөр ардчиллын тухай сайрхан ярьж, хоосон магтах, эсвэл сэтгэлийн хөөрлөөр ардчиллаас ухарсан тухай халаглахаас хэтрэхгүй байна. Ингэхлээр бид өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй асуудал, бэрхшэлийн учир зүй, холбоо хамаарал, шалгаант нөхцөлийг тодорхойлж түүнээс гарсан гаргалгаа, шийдлээ улс төрийн хальс бүрхэвчгүйгээр цэвэр шинжлэл, судлалын шаардлага, шалгуурын дагуу гарган тавьж, нийгэмд санал болгох хэрэгтэй байна.
С.Галбадрах. ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн багш, доктор (Ph.D). Зах зээлийн эдийн засгийн харилцааг цогцлоохуй: тулгамдаж буй асуудлууд. Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн харилцаанаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэхүү өгүүлэлд зах зээлийн эдийн засгийн харилцааг сонгодог утгаар нь цогцлоон бий болгоход тулгамдаж буй асуудлуудын талаар хөндлөө.
Р.Болд. Судлаач. Хэлэлцээ бол мөргөлдөөнийг шийдвэрлэх сайн арга мөн.
Сүүлийн үед манай хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Иргэний хөдөлгөөнийхөн “Хөх Монгол”-ынхонтой мөргөлдөв”, “Жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болов”, “Хөдөлгөөн мөргөлдөөн болж хувирав” гэх утгатай мэдээллүүд нэлээд гарах болов. Үүнээс үзвэл, монголын нийгэмд, түүний зарим институци, бүлгүүдийн хооронд тодорхой асуудлаар мөргөлдөөнт харилцаа үүсдэг болох нь илэрхий байна. Мөргөлдөөнийг зохицуулж шийдвэрлэх монгол философи нь товчхондоо “Хүн хэлээрээ, мал хөлөөрөө” гэсэн утгаар тодорхойлогдох болов уу. Тэгэхлээр алив зөрчил мөргөлдөөнийг гэтлэн давах, зохицуулж шийдвэрлэх хамгийн үр нөлөөтэй аргын нэг бол сөргөлдөгч талууд яриа хэлэлцээ хийх явдал юм. Аль ч талаас нь бодсон яриа хэлэлцээ хийх нь ухаалаг ажил болно.
Р.Болд. Судлаач. Хүмүүний хувийн ашиг сонирхол.
Ашиг сонирхол бол ямар нэгэн юманд хүрэх, ямар нэгэн юмыг өөрчлөх, эсвэл хадгалах эрмэлзлэл бүхий хүний ухамсарын төлөв байдал мөн. Тэр нь байгалийн хууль буюу тогтож заншсан аль нэгэн юмс үзэгдлийн адил бодит зүйл шиг амархан танин мэдэгддэггүй. Ашиг сонирхол нь үйлчилж байгаа субьектын өөрийнх нь үүсгэсэн үйлдэлтэй харьцах дотоод харилцаа, ямар нэг хэмжээгээр объектив шинжтэй дотоод нарийн шалтгаан бүхий үйлдлийн субьектив мэдрэмж юм. Нэг үгээр хэлбэл ашиг сонирхол гэдгийг аливаа объектив үйл хэргийн субьектив мөч гэж хэлж болно.

No comments:

Post a Comment