Sunday, July 8, 2012

Шинэ толь 2006/2, №55

Ц.Мөнхцэцэг. Монголын улс төр дэх манипуляцийн зарим асуудал
Эрх баригчдын зүгээс олон нийтийн санаа бодлыг өөрт ашигтай байдлаар өөрчлөх буюу манипуляци хийх явдал нь улс төрийн практикт эртнээс хэрэглэгдэж ирсэн юм. олон түмэнд ардчиллын соёл хараахан төлөвшөөгүй, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд улс төрийн нөлөө өндөр байгаа манай улсын хувьд манипуляцийн илрэл, сөрөг нөлөөний талаар судалгаа хийх шаардлага зүй ёсоор урган гарч байгаа учраас энэхүү сэдвийг хөндөн авч үзлээ.

Э.Гэрэлт-Од. Монголын улс төрийн намуудыг ардчилахуй
Улс төрийн олон нам байгуулагдах нь ардчиллын тулгуур үнэт зүйлсийн нэг нь бөгөөд цаашид монгол дахь ардчиллын чанарыг тодорхойлох нь гарцаагүй. Учир нь улс төрийн олон намтай улс бүр ардчилалд тогтвортой оршиж, дэвшин хөгжиж байдаг гэвэл эргэлзээтэй. Хамгийн гол нь бодит засгийн эрхийг барилцаж буй намууд хэр ардчилсан байхаас тухайн улс оронд ардчилал орших, эс орших нь тодорхойлогддог. Иймээс энэхүү өгүүлэлдээ ардчилал ба улс төрийн намуудын хамаарал, монгол дахь улс төрийн намуудын ардчилал, давуу болон сул талууд, цаашид хэрхэн ардчилах, бидэнд ямар боломж байгаа зэргийг илрүүлэх зорилготой.
Ю.Атар, Б.Батзориг. Иргэний нийгмийн хөгжлийн хандлага
Нийгэм гэж чухам юу вэ гэдэг асуултад судлаачид олон янзаар хариулж ирсэн байна. Гэсэн хэдий ч тэдний үзэл бодол нийгэм бол зөвхөн хүмүүсийн харилцаанаас үүдэн бий болох ба харин хүн зөвхөн нийгмийн харилцаанд л орж байж тухайн нийгмийн гишүүн гэдэг утгаа олно гэсэн нэгэн зүйл дээр нэгддэг байх юм. Нийгэм бол хүмүүсийн хооронд явагдаж буй улс төр, эдийн засаг, хууль эрх, ёс зүй, шашин, соёл зэрэг янз бүрийн харилцаа, хамтын ажиллагааны дүнд үүсэж буй үзэгдэл, үйл явц, байгууллагын нийлбэр цогц юм.
Нийгэм өөрөө олон нийтлэг ойлголтуудын нийлбэр цогц болох учир өөрийн гэсэн онцлог тогтолцоотой байдаг. Нийгмийн аль ч тогтолцооны тухай ойлголт бол тухайн нийгмийнхээ бүтэц, зохион байгуулалт, харилцааг зохицуулж буй арга хэлбэр, түүнд тогтоосон системийн хэв маяг, хөгжлийн үндэс, арга замыг илэрхийлсэн цогц ойлголт билээ.
Ч.Тамир. Үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, бодлого бидэнд бий юу?
Нийгэмд өрнөж байгаа үйл явцыг анализ хийж үзээд Монголын нийгэм гүнзгий өөрчлөлт хийгдэхэд бэлэн байгаа, гэвч энэ нь улс төрийн хүрээнд хүчтэй явагдах болов уу гэсэн таамаглалыг дэвшүүлж болохоор байна гэсэн дүгнэлтэнд хүрч билээ. (Өдрийн сонин, 2006-3-24) Гэвч эл дүгнэлт нь үүсээд байгаа нөхцөл байдлыг намууд, эрх баригчдаар хүлээн зөвшөөрүүлэхэд чиглэж байсан бөгөөд эдгээр үйл явцын уялдаа холбоо, тэдгээрийн хоорондын хамаарал, цаашилбал шалтгаан, хүчин зүйлийг үргэлжлүүлэн судлах ёстой юм. Хэрвээ дээрх баримтыг анхааралтай харсан бол хямралын эх сурвалж, гол үндсэн шалтгаан нь намуудтай холбоотой гэдэг нь ямар болов ч илэрхий байна. Гэвч нам гэдэг бол хийсвэр ойлголт үүний цаана хүнээс өөр юу ч байхгүй. Тэгэхлээр бид намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, цаашилбал бодлогын асуудлыг хөндөх болно.
М.Болормаа. Эмэгтэйчүүд ба Эрх мэдэл
Эмэгтэйчүүд ба эрх мэдэл гэсэн сэдвийг сонгон авч өөрийнхөө нийтлэлийг бичиж байна. Учир нь бид төрийн эрх мэдэл, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаарх асуудлыг хөндөн ярихад зарим эрэгтэйчүүд өө нөгөө эмэгтэйчүүд чинь одоо толгой дээр гарч байна. Юу дутсан гэж ингэдэг байна гэх мэтчилэн өөрсдийн боловсрол, мэдээллийн хүрээнд сэтгэж, эмэгтэйчүүдийг буруутгах талууд өнөөдрийг хүртэл ажиглагдсаар байна. Нэгэн сэтгүүл уншиж суутал эрэгтэй хүн алдаа гаргасандаа уучлалт гуйдаг бол эмэгтэй хүн хүчирхэг байгаадаа уучлалт гуйдаг гэсэн байлаа. Эмэгтэй хүн хэн нэгэнд таалагдахын тулд хэзээ ч буулт хийж болохгүй бөгөөд шийдвэр гаргахын өмнө сайтар тунгаан бодож богино хугацааны улс төрийн ашиг хонжоо олохын тулд холын зорилгоо хэзээ ч мартаж болохгүй гэдгийг үргэлж санах хэрэгтэй байдаг. Иймээс энэ ойлголтын эсрэг эмэгтэйчүүд бид юу хийж чадах, өөрсдийгөө яаж өөрчлөх, зөв таниулах, өөрийнхөө хүчирхэг байгааг нийгэмд мэдрүүлэх, хүндлэл хүлээх талаас нь бодож энэхүү нийтлэлээ “Эмэгтэйчүүд ба эрх мэдэл” гэж нэрлэлээ.
Д.Болд-Эрдэнэ. XIII зууны Их Монгол улсын эрх зүйн сэтгэлгээ, “Их засаг”–ийн улс төр, эрх зүйн учир холбогдол
Их монгол улсын улс төрийн үзэл, сэтгэлгээний салшгүй нэгэн бүрдэл хэсэг нь эрх зүйн сэтгэлгээний уламжлал юм. улс төр, эрх зүй хоёр нь харилцан шүтэлцсэн нэгэн зүйлийн салашгүй хоёр тал болдог. улс төр нь эрх зүйн зохицуулалтгүйгээр оршин тогтнох аргагүйн нэг адил улс төргүй эрх зүй гэж байх боломжгүй юм. эрх зүйн зохицуулалт нь улс төрд суурилдаг бөгөөд улс төр нь эрх зүйгээр амилан тэжээгдэж, чиг баримжаагаа олж, хэлбэршин төлөвшиж байдаг. энэ утгаараа улс төрийн сэтгэлгээний тухай асуудлыг авч үзэх тохиолдолд эрх зүйн сэтгэлгээний тухай асуудал зүй ёсоор гарч ирдэг нь жам билээ.
Б.Баттүвшин. Нутгийн удирдлагыг үүсгэх, бэхжүүлэх асуудалд
Төвлөрлийг сааруулах, орон нутгийн бие даасан байдлыг хангах, өөрөөр хэлбэл нутгийн өөрөө удирдах ёсыг бий болгох асуудал нь ямар нэг хурлыг тасралтгүй ажилладаг болгох ч юм уу, эсхүл Хурал нь дотроо ажлын хэсэг болж ажиллах, Хурлын чөлөөт цагаар ажиллах ёстой тэргүүлэгчдийн эрх мэдэл багадсантай холбоотой асуудал огт биш юм.
Хурал, захиргааны үйл ажиллагаанд хийвэл зохих зохицуулалтын асуудал нь нутгийн өөрөө удирдах ёс хэмээх ойлголтын хүрээнд шийдэх ёстой асуудал мөн үү? гэвэл эргэлзээгүй мөн. Хамгийн гол нь эдгээр нь нутгийн өөрөө удирдах ёс хэмээх цогц комплекс ойлголтын бүрэлдэхүүний дотоод асуудлууд бөгөөд төвлөрлийг сааруулж, орон нутгийн бие даасан байдлыг хангах асуудлын анхдагч, тодорхойлогч хүчин зүйлс нь харин биш ээ.
Л.Отгонтуяа. Эдийн засаг дахь төрийн оролцоо, түүний үр нөлөө
Улсын салбарын болон нийт эдийн засгийн шинэчлэлийн үндсэн асуудал нь эдийн засаг дахь төрийн оролцооны үр нөлөөг дээшлүүлэх явдал болоод байна.
Эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах, эдийн засаг дахь төрийн зохицуулалтын үр нөлөөг дээшлүүлэх асуудал шилжилтийн эдийн засаг бүхий орнууд төдийгүй зах зээлийн эдийн засагтай орнуудын хувьд ч төрийн зохицуулалтын нэг чухал асуудал байсаар ирлээ. Дэлхийн улс орнуудын шинэчлэлийн туршлагад үндэслэн эдийн засаг дахь төрийн оролцооны чиг үүргийг нарийвчлан тодорхойлох, түүний үр нөлөөг дээшлүүлэх нь төрийн захиргааны шинэчлэл болон төрийн оролцооны асуудал чухлаар тавигдаж буй өнөө үед судлууштай асуудлын нэг болох нь зайлшгүй юм.
Р.Болд. К.Маркс ба Мөргөлдөөний онол
Эдийн засагч Маркс (нэмүү өртгийн онолыг бүтээгч) өөрийгөө капитализм хийгээд Адам Смит тэргүүтэй сонгодог эдийн засагчдад ухамсартайгаар сөргүүлэн тавьж, тэднийг өрсөлдөгчдөө хэмээн үздэг боловч эдийн засгийн дүгнэлтүүдийнхээ ихэнхийг сонгодог уламжлалаас авсан аж. Техникийн талаас нь үзвэл, Марксын эдийн засаг нь уламжлалт сонгодог эдийн засгаас нэг их ялгаатай биш. Харин марксизм бол ялгаатай. Эдийн засгийн дүн шинжилгээ хийхэд чиглэсэн ерөнхий зорилгоороо ялгаатай. Эдийн засгийн дүн шинжилгээ гэдэг нь Марксын хувьд бол нийгмийн өөрчлөлтийн хүчин зүйлсийг ухаж ойлгон, тэдгээрийг нийгмийн шинэ орчинд хандуулахад тус дөхөм үзүүлэх явдал юм.

No comments:

Post a Comment