Saturday, July 7, 2012

Шинэ толь 2005/4, №53

Доктор. Д.Болд-Эрдэнэ, Монголчуудын улс төрийн сэтгэлгээний үндсэн хэлбэр, эх сурвалж
Зохиогч эл өгүүлэлдээ Монголчуудын төр ёс, улс төрийн сэтгэлгээний хөгжлийн үндсэн үе шат, хэлбэр, эх сурвалжийн асуудлыг улс төр, түүх шинжлэлийн талаас нь шинжлэн үзжээ. Ингэхдээ хүн төрөлхтний улс төрийн сэтгэлгээний хөгжлийн нийтлэг зүй тогтол, Монголчуудын хувьд хэрхэн ямар шинж онцлогтойгоор илэрсэн эсэхийг анхааран нягталж үзсэн байна.

Х.Гүндсамбуу, Удирдлагын Академийн профессор, Захиргааны албан хаагчид
Төрийн албан хаагчдын нэгэн бүрэлдэхүүн хэсэг нь төрийн жинхэнэ албан хаагчид болох захиргааны албан хаагчид юм. Тэд нар бол төрийн захиргааны албыг хашин гүйцэлдүүлж, төр ард түмнийг хооронд нь холбож, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг, төрийг төлөөлдөг төрийн нэрийн өмнөөс ажилладаг гол хүмүүс билээ. Эдгээрийн зэрэг дэв, түүний ангилал, орон тоо, байршил, нас, хүйсийн харьцаа, улс төрийн байр суурийн талаар бичжээ.
Доктор. А.Саруул, Зөвлөлт маягийн загварын авилгал өнөөгийн Монгол оронд
Монгол орон дахь авилгалын уламжлал амь бөхтэй оршсоор шилжилтийн үе шатанд үндсэндээ гурван хэлбэрээр илэрч байна. Авилгал хүчээ авахын үндсэн шалтгаан бол төр нь институцжиж чадаагүй сул дорой байдагтай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл төр нь хууль зүйн орчноо бүрэлдүүлэх чадваргүйн улмаас үйл ажиллагаа нь тодорхой баримжаа ч үгүй, дархлаагүй, иймээс хэн дуртай нь төрийн албыг хувьчлан авч, өөрийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэх “эрх ашгийн” институц болгох боломжтой. Гүйцэтгэх засаглал гээч захиргааны албад нь үнэн хэрэг дээрээ хувьчлагдсан төрийнхээ ивээл дор авилгалыг газар дээр нь хэрэгжүүлэгч агентлагууд мөн.
С.Галбадрах, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн багш, Удирдлагын Академийн докторант, Бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэхүй: онол, практикийн асуудлууд.
Энэхүү өгүүлэлд бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөхүйц амжилтын эх сурвалжийн талаарх онолын судалгаа, энэ чиглэлээрх манай улсын өнөөгийн нөхцөлд тулгамдаж буй асуудлуудыг хөндөн стратегийн ач холбогдолтой бүс нутгийн хөгжлийн гарц болох “Алтан зам” хонгилын талаар өгүүлсэн болно.
Проф. Д.Баярхүү. Жижиг орны парламентын харьцуулсан судалгаа. Жижиг улс гэдэг шалгуурт: хүн ам нь 5 саяас доош тоотой, эсхүл хөгжлөөр хоцронгуй, аль нэг улс гүрнээс хараат, эзэмшлийн улс орнуудыг оруулав. Эдгээрийн ихэнх нь ардчилал, парламентаризмыг хэвшүүлж чадаагүй, нэлээд нь Ерөнхийлөгчийн ба эзэн хааны засаглалтай. Энэ судалгаанаас үзэхэд манай УИХ дэлхийн жишгээс харин ч цөөн парламентын гишүүнтэй улсад тооцогдож магадгүй тухай өгүүлжээ.
Ч.Тамир, МУИС-ийн Социологийн тэнхмийн багш, Сонгогчийн зан үйлийг тайлбарладаг онолын үндсэн хандлага
Орчин үед сонгогчийн зан үйл, сонголтын мөн чанарыг тайлбарладаг олон янзын онол, загвар үүсжээ. Эдгээр онолыг маш ерөнхий байдлаар нь гурван хэсэгт хуваан үзэж болох юм. Ингэж ангилах нь судлаачдын дунд харьцангуй тогтсон бөгөөд онолын чиглэл бүр сонгогчийн зан үйл, сонгогчийн сонголтонд нөлөөлдөг хүчин зүйлсийг өөр хоорондоо ялгаатай, өөрийн аспектаар авч үздэг. Мэдээж онолын чиглэл бүр янз бүрийн хувилбартай. Бид энэ бүхнийг тоочин тайлбарлах зорилго тавьсангүй. Ийм боломж ч байхгүй. Тиймээс энэхүү өгүүлэлд сонгогчийн зан үйлийг тайлбарладаг социологийн онолын чиглэл, нийгэм сэтгэл зүйн онол, рационал сонголтын онол тус бүрийн үндсэн агуулга, зарчим, ялгаа зэргийг хөнджээ.
Доктор. А.Саруул, Шилжилтийн үеийн тухайн онолын маргаантай асуудлууд
Хуучин социалист орнууд нь “бодит социализмын” хэмээх үе шатандаа ч өөр хоорондоо ялгаатай дүр төрхтэй байсан нь өнөөгийн шилжилтийн үед ч илрэн гарч байна. Бодит социализмын тухай нэгдсэн цэгцтэй ойлголт өнөө хэр нь алга. Шилжилтийн үеийг тодорхой хэдэн загварт багтаан үзэж болно. Шилжилтийн шатанд өрнөж байгаа үйл явц соёлын уламжлалаас илүүтэй хамаарч байна уу эсхүл…? Өрнөдийн ардчиллыг шууд хуулбарлан дуурайж болох уу? Шилжилтийн үе шатны судалгааг ямар асуудал дээр төвлөрүүлэх ёстой вэ? зэрэг сонирхолтой асуудлуудыг хөндсөн байна.

No comments:

Post a Comment