Saturday, July 7, 2012

Шинэ толь 2005/3, №52

Д.Болд-Эрдэнэ. Улс төрийн шинжлэх ухааны доктор. “Улс төрийн онолын сонгодог болон орчин үеийн эх сурвалж” өгүүллийн гурав дахь цуврал болох “Орчин үеийн эх сурвалж” өгүүлэлд тэрээр хүн төрөлхтний улс төрийн томоохон сэтгэгчдийн үзэл, сургаалийг тоймлон гаргажээ. Энд тухайлбал, Н.Макиавелли, Ш.Монтескье, Ж.Боден, Т.Гоббс, Ж.Локк, Ж.Руссо гэх орчин үеийн улс төрийн сэтгэлгээний түүхэн дэх сонгодог сэтгэгчид хамаарагдаж байна. Энэ хүмүүсийн улс төрийн үзэл нь орчин үеийн ардчиллын үйл явцад давтагдашгүй улс мөрөө үлдээсэн юм.

Э.Гэрэлт-Од. Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Түүх, Нийгмийн ухааны тэнхимийн багш. “Монголын ардчилал ба улс төрийн намууд” өгүүлэлдээ ардчилал болон улс төрийн намуудын хамаарал, монгол дахь ардчилсан үйл явц, олон намын тогтолцооны төлөвшлийн явцад үүсээд буй ноёрхогч нам ба дагуул намууд гэж юу болох, ноёрхогч намын онцлог, улс төрийн системд үзүүлж буй сөрөг нөлөө, ноёрхогч намын бодлого үйл ажиллагааны онцлог шинжүүд болон намын системийн хандлага, намууд хоорондын хамтын ажиллагаа ба өрсөлдөөн, намуудын дотоод болон гадаад ардчиллыг тодруулахыг зорьлоо.
Ч.Өнөрбаяр. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторант. Үндсэн хуульт ёс буюу Үндсэн хуулийн шүүхийн тухайд. Үндсэн хуулийн шүүхийн хяналтын тухай номлол, түүнийг баталгаажуулсан үндсэн хуулийг дээдлэн шүтэх зарчмын агуулгыг үндсэн хуульт ёсны онол, арга зүйн үүднээс судалж, хүн төрөлхтний эрхэмлэл болгож буй эрх зүйт төрийн үндсэн зорилго нь улс төрийг аль болох хууль зүйн хэлбэрт оруулах замаар иргэний үндсэн эрх дархлаажуулах гэдгийг нотлохыг зорьсон юм.
М.Батсуурь. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрх зүй, төрийн онол, түүхийн тэнхимийн багш, докторант. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба олон нийтийн хэвлэл мэдээлэл. Ардчиллыг дархлаажуулах хамгийн чухал институтын нэг нь хэвлэлийн эрх чөлөө хэмээн үзэв. Энэ үндсэн дээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний бодит институт болсон олон нийтийн хэвлэл мэдээлэл нь ямар үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байж ардчилалд өөрийн хувь нэмрийг оруулахыг судалж, түүнд шаардагдах эрх зүйн баталгаа, зарчмыг задлан шинжилж үзэхийг зорилоо.
С.Галбадрах. ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн багш, Удирдлагын Академийн докторант. “Бүсчилсэн хөгжил - төвлөрлийг бууруулах нь”. Манай улсын хувьд аймгууд үндсэндээ татаасаар санхүүжигддэг, төсвийн хувьд төвөөс хараат, эдийн засгийн чадавхи сул байгаа явдал нь бүсчилсэн хөгжлийн хүрээнд төвлөрлийг бууруулах зорилтыг нарийн төвөгтэй болгож байна. Өнөөгийн нөхцөлд бүсчилсэн хөгжлийн хүрээнд төвлөрлийг бууруулах асуудлыг эдийн засаг, нийгэм, засаг захиргаа-удирдлагын хүрээний тулгамдсан олон асуудлуудтай уялдуулан цогцолбор байдлаар авч үзэх шаардлагатай байна.

No comments:

Post a Comment