Saturday, July 7, 2012

Шинэ толь 2005/1, №50

Доктор Д.Болд-Эрдэнэ “Улс төрийн сэтгэлгээний үүсэл, хөгжлийн үе шат, түүхэн уламжлал”
Хүн төрөлхтөний улс төрийн сэтгэлгээний хөгжлийн үйл явцыг үечлэн шинжлэж ирсэн улс төрийн судалгаа, философийн үечлэлийн арга зүйг харьцуулан үзэж, улс төрийн сэтгэлгээний хөгжлийн үе шат, уламжлалт хэлбэрүүдийн нөлөө, түүхэн ач холбогдол, онцлогийн асуудлыг тусгайлан авч үзсэн байна.

Улс төрийн Боловсролын Академийн гүйцэтгэх захирал, доктор Д.Ганбатын “Үндсэн хуулийн үзэл баримтлал ба улс төрийн өөрчлөлтийн зарим асуудал”
Монгол улс 1989-1990 оноос эхлэн нэг намын удирдлага бүхий улс төрийн системээр тодорхойлогдож байсан нийгмийн харилцааг үндсээр нь халахдаа хос шилжилтийн үзэл баримтлалд тулгуурлаж ардчилал, зах зээлийн харилцаанд шилжих бодлого баримтлаж эхэлсэн түүхтэй. Хос шилжилтийн нэг чиглэл болох эдийн засгийн өөрчлөлтийн гол зорилго нь Монгол улсын эдийн засгийн чадамжийг нэмэгдүүлэхэд оршиж байгаа ба үүнийг зах зээлийн зарчимд тулгуурлан шийдсээр байна. Тэгвэл улс төрийн өөрчлөлтийн зорилго нь Монгол улсын тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангахад чиглэж ардчилал, хүний эрх, эрх чөлөөнд тулгуурласан нийгмийн системийн хөгжлөөр хангагдахаар Үндсэн хуулинд тус тус тусгалаа олсон билээ.
Өнөөдрийн байдлаар эдийн засгийн хөгжилд төрөөс тавьж байгаа анхаарал улс төрийн хөгжлийн асуудлаас илүү байгаа гэж үзэх үндэстэй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн үзэл санааны дагуу улс төрийн хөгжлийн асуудлархи төрийн үзэл баримтлал нь ерөнхий философиос хэтрэхгүй байгаа ба бодлогын анализ мөн дорвитой хийгдэхгүй байгаа талаар бичжээ.
Дархан-Уул аймгийн Удирдлагын Хөгжлийн дээд сургуулийн захирал, Удирдлагын Академийн докторант С.Галбадрах, Соёл, Урлагийн Их сургуулийн багш А.Буяннэмэх нарын “Монгол улсын эдийн засгийн бүсчлэлийн онол-арга зүйн асуудалд”
Эдийн засгийн бүсчлэл нь бүс нутгийн эдийн засгийн ухааны нэг тулгуур баримтлал болдог. Толилуулж буй өгүүлэлд эдийн засгийн бүсчлэлийг тогтоосон онол-арга зүйн болоод бүсчлэлийн өнөөгийн тулгамдсан асуудлын талаар авч үзэхийг зорьжээ.
Монгол улсын түүхийн бүхий л үед бүсчлэлийн асуудал тодорхой хэмжээгээр тавигдаж ирсэн гэсэн байр суурийг баримтладаг судлаачид бий. Уг асуудал бүр Монголын тулгар төр үүссэн буюу Их Монгол улс байгуулагдсан үеэс эхтэй болохыг доктор Б.Батцэнгэл (1997) тэмдэглэжээ. Түүхийн үүднээс үзвэл монголчууд байгаль, газар зүйн өвөрмөц орчиндоо зохицон амьдарч, хөгжихийн тулд нутаг дэвсгэрээ 3-5 том аймагт ангилан зохион байгуулж ирсэн байна.
Стратегийн судалгааны хүрээлэнгийн ажилтан О.Машбатын “Сонгуулийн системийг өөрчлөх стратеги: намын систем, парламентын засаглалын хэлбэрт нөлөөлөх нь”
Сонгуулийн системийг өөрчлөх нь дур зоргын хэрэг огт биш бөгөөд энэ систем нь намын систем, парламентын үйл ажиллагааны зарчимтай шууд уялддаг. Энэ өгүүлэлд өнөөгийн улс төрийн систем хэрхэн бүрэлдэж, ямар байдалд хүрээд байгаа талаар эхний хэсэгтээ авч үзнэ. Дараа нь сонгуулийн системийг өөрчлөх асуудлыг хоёр намын болон олон намын систем байгуулах хувилбарыг стратегийн хувьд шүүмжлэн үзжээ.
Удирдлагын академийн профессор Х.Гүндсамбуу, Удирдлагын академийн докторант Т.Гантөмөр нарын бичсэн "Оршин суугчдаас үзүүлж буй хариу үйлдлийн төлөв байдал”
Нийслэлийн болон дүүргийн хэмжээнд тэгш бус байдал ихсэж, зааграл, ялгарал нэмэгдэхийн хэрээр нэгтэйгүүр оршин суугчид нийгмийн том, жижиг бүлгүүдэд хуваагдаж, тэдгээр нь өөр өөрсийн ашиг сонирхлыг илэрхийлэн төлөөлж янз бүрийн хариу үйлдлийн өдлөг, сэдлэг, шалтаг, шалтгаан, ил тод байдал, эерэг сөрөг талын илэрхийлэл болж байна. Үүнийг тоймчилж, бүдүүвчлэн үзүүлбэл:
Дүүргийн оршин суугчид нь а) уугуул оршин суугчид б) олон жил хотод амьдрагчид, в) шинэхэн оршин суугчид, г) шилжин ирэгчид, д) явуулын хүмүүс, е) цагаачид, эмзэг бүлгийнхэн гэсэн бие даасан, харьцангуй тогтвортой бүлгүүдээс бүрэлдэж байна. Тэдний хариу үйлдэл, үйлдлэгүүдийг ерөнхий бөгөөд болзмол байдлаар шинж чанарын хувьд эерэг ба сөрөг, оролцогчдын хувьд ганцаарчилсан ба хамтын, төлөв байдлын хувьд ухамсартай ба урсгал, байршлын хувьд орон сууцны ба гэр хорооллынхон гэх мэтчилэн бүлэгт ангилж болохоор байна. Тэдгээр нь хоорондоо давхцана, адилсана, ондоошин, сондгойрно. Тэр бүхнийг нэг бүрчлэн нарийвчилж үзэх нөхцөл боломж, хараахан бүрэлдээгүйг харгалзан энэхүү өгүүлэлд тоймчилж, бас сорчилж авч үзжээ.

No comments:

Post a Comment