Saturday, July 7, 2012

Шинэ толь 2004/4, №49

УТБА-ийн багш А.Пагмын "Төр, засгийн нээлттэй байдлыг хангах нь юу юунаас чухал" өгүүлэлд ард түмний төлөөлөл, түүний илэрхийлэл болсон парламентын үйл ажиллагааны нээлттэй байдлын тухай болон үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангахад иргэний нийгмийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаар өгүүлжээ. Улс төрийн хоёр гол хүчин зөвшилцлийн замаар төрийн үйл хэргийг хөтөлж байгаа энэ үед уг асуудлыг ярих нь чухал болох талаар энэхүү өгүүллээс уншина уу.

УТБА-ийн ажилтан Ж.Золмаагийн "Иргэдийн үүсгэл санаачлага ба ардчилал" нийтлэлд зохиогчийн зүгээс "иргэдийн үүсгэл санаачлагыг" ойлголтын хувьд тодорхойлж, түүний онцлог, бодит амьдрал дээр хэрэгжүүлэх хэлбэр болон ардчилсан нийгэмд гүйцэтгэх үүргийг тодруулан өгчээ. Ингэхдээ иргэдийн идэвхи санаачлага нийгмийн тогтвортой үзэгдэл болж чадсан эсэхээр тухайн улс оронд ардчилал хэр зэрэг бэхжиж чадсаныг хэмжиж болно гэсэн санааг илэрхийлсэн байна. Иргэний нийгмийг төлөвшүүлэхэд иргэдийн үүсгэл санаачлагыг дэмжих орчин, тодорхой бодлого шаардлагатай болохыг цохон тэмдэглэжээ. Нийтлэлд зарим улс орны тоо баримтаас иш татсан байна.
УТБА-ийн багш Ё.Энхбаярын "Парламент болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын нээлттэй байх зарчим, түүний хэрэгжилтийн асуудал" нийтлэлд Ардчилсан засаглалын хамгийн чухал шинжүүдийн нэг бол хууль тогтоох байгууллага болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааны нээлттэй байдал юм. Энэ байдал ардчилал өндөр хөгжсөн орнуудынхтай харьцуулахад манай улсын хувьд туйлын хангалтгүй хэвээр байна. Хууль тогтоох байгууллагад үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах стратеги зорилтыг хэрэгжүүлэх, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудад үйл ажиллагаагаа нээлттэй болгох талаар дорвитой ажил хийх шаардлагатай байгааг дурдсан байна.
МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн багш, профессор Д.Баярхүүгийн "XXI зууны Хөгжлийн их хурд: прогноз ба сургамж" нийтлэлд Дэлхийн II дайны дараа дэлхий ертөнц үзэл суртлын хоёр туйлд хуваагдаж, "Хүйтэн дайны" үе буюу реалзимын үе гэж түүхнээ үлдсэн. 1990-ээд онд хоёр туйлын нэг болох ЗХУ задарч, дэлхийн шинэ дэг журмын тухай яриа гарч ирсэн бөгөөд дэлхий ертөнцөд АНУ цорын ганц их гүрний статусаа хадгалан үлдсэн тухай эрдэмтэд судлаачид бичих болж, практик амьдралд ч АНУ-ын энэхүү шинэ статус нотлогдох болсон юм. Гэвч "Хүйтэн дайн" дууссанаар олон улсын харилцаанд түгшүүртэй байдал, маргаантай асуудал бүр алга болсон уу? Зэвсэглэлээр хөөцөлдөхөөс ангижирсан уу? Зэвсэглэлд зарцуулсан их хөрөнгө мөнгө нийгэм-эдийн засгийн хөгжилд зориулагдаж байна уу? зэрэг олон асуулт түүхий үлдэж байна. XXI зуун гараад (2001.09.11) дэлхийн IҮ дайн дэгдсэн гэж олон улсын харилцааны зарим судлаачид нотлож байна. Тэднийхээр бол дэлхийн III дайн нь 1940-өөд оны сүүлээр Израиль-Арабын дайнаар эхэлсэн гэнэ. Тэдний номлолоор бол, XXI зуун бүхэлдээ глобал терроризмын зуун байх бололтой. Хамгийн аймшигтай террорист халдлага хүн төрөлхтнийг хүлээж байна. Урьдчилан таамаглахын аргагүй тийм халдлагуудыг цөм, хими, биологийн зэвсгээр үйлдэх магадлал өндөр байж болох юм.
МУИС-ийн Социологи-нийгмийн ажилтны тэнхимийн багш Тамирын "Сонгуулийн булхай ба улс төрчдийн хувь заяа" өгүүлэлд сонгуулийн булхай, зөрчилийн талаар сонгуулийн үеэр байсан экспертүүдийн санал дээр тулгуурлан өгүүлжээ. Судалгаанаас үзэхэд 38.3 хувь нь УИХ-ын сонгуульд, 15 хувь нь орон нутгийн сонгуулийн үед булхай луйвар гардаг гэжээ. Сонгуулийн булхайг нэрийн жагсаалт гаргахтай, урьдчилан санал өгөх үйл явцтай, явуулын хайрцагтай, шилжүүлэгтэй, санал тоолох үйл явцтай холбоотой булхай гэх мэтчилэн ангилсан. Мөн сонгуулийн явцад гардаг булхайг багасгахад нэгдүгээрт, харилцан хяналтын тогтолцоо бий болгох, хоёрдугаарт, хариуцлагын механизмыг боловсронгуй болгох, гуравдугаарт, сонгуулийн хуулийг шинэчлэх, дөрөвдүгээрт, ажилагчийг бэлтгэх хэсгийн хороонд улс төрийн намууд анхаарал хандуулах шаардлагатай гэж үзжээ.
УТБА-ийн багш Б.Баярмаагийн "Илтгэх урлагт суралцахад анхаарах зүйл" зөвлөмжид илтгэл амжилттай болоход нөлөөлөх хүчин зүйлс, илтгэлийн бүтэц, зохион байгуулалт, үгийн бус харилцаагаар сонсогчидтой хэрхэн харилцах асуудлыг хөнджээ. Илтгэгчдийн түгээмэл гаргадаг алдаанаас үндэслэн илтгэлийн хэсэг бүрт анхаарах асуудлыг нарийвчлан зөвлөсөн нь практик ач холбогдолтой болно.
Доктор Х.Гүндсамбуу, Гэрлэх ёслолын ордоны дарга Х.Оюунчимэг нарын 'Монгол айл гэрийн хөгжлийн тулгамдсан асуудлууд" нийтлэлд сүүлийн хоёр жилд нийслэлийн хуримын ордонд хуримаа хийсэн залуу гэр бүлийн тухай иргэний бүртгэл мэдээлэлд тулгуурлан, судалгааны хийгээд сэтгүүл зүйн хэлбэрээр, сонирхол татахуйц байдлаар өгүүлжээ. Зохиогчид өнөөгийн хуримлагчид хэн нь хэн бэ?, хаанахын хэний үр удам бэ?, хуримын зардлыг хэн нь даадаг вэ? хэрхэн танилцсан бэ? зэрэг өдөр тутмын мөртлөө амьдралын нарийн бөгөөд эмзэг асуултуудад хариулт өгсөн байна.

No comments:

Post a Comment