Saturday, July 7, 2012

Шинэ толь 2004/3, №48

УТБА-ийн "Ардчиллын үнэлэмж, түүний өөрчлөлт" судалгааны дүнгийн тухай: Монголд ардчилал бодит зүйл болсон буюу ардчиллыг дэмждэг гэж судалгаанд оролцогчдын ихэнхи хувь нь үзэж байна. Мөн тэд эдийн засгийн хөгжил сул, авилгал хээл хахууль газар авсан, төрийн гол институтэд итгэх итгэл сул байгаа нь ардчиллын хөгжилд саад болж байна гэжээ. Мөн улс төрийн хувьд эрх баригч хүчнээс гадна сөрөг хүчин байх ёстой гэсэн сэтгэлгээ нь 2000 онд байгуулагдсан УИХ-аас хойш бүр лавширч, 2004 оны УИХ-ын сонгуулийн дүнд шууд нөлөөлсөн гэж үзэх үндэстэй байна.

МУИС-ийн Социологи-нийгмийн ажилтны тэнхимийн багш Тамир "Сонгуульд хийх дүн шинжилгээ" өгүүлэлдээ 2004 оны УИХ-ын сонгуулийн тухай өгүүлжээ. Үүнд сонгуулийн өмнөх улс төрийн нөхцөл байдал, сонгогчдын ангилал, ялангуяа хөвдөг сонгогчид сонгуульд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн гэдгийг харуулсан. Мөн сонгуулийн үеэрх улс төрийн хүчнүүдийн ухуулга сурталчилгаа, сурталчилгааны хэлбэр, онцлог зэргийг шинжилсэн. Сонгуульд эвсэл олон суудал авахад нэгдүгээрт, хуучин сонголтоос залхах сэтгэлзүй, хоёрдугаарт, сонгогчдын зүгээс парламент дахь улс төрийн намуудыг тэнцвэржүүлэх хүсэл, гуравдугаарт, сонгуулийн реклам сурталчилгааны онцлог, дөрөвдүгээрт, хувь хүний хүчин зүйлийг нь харж эхэлсэн, тавдугаарт, улс төрийн хүчнүүдийн амлалт зэргийг харьцуулан үзэж дүгнэсэн. Мөн сонгуулийн явцад багагүй зөрчил булхай гарсан гэдгийг ч тусган харуулжээ.
Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Сурган хүмүүжүүлэх ухааны тэнхимийн эрхлэгч, профессор С.Батхуяг, Дорнод аймаг дахь Багшийн коллежийн багш, магистр Г.Лувсандандар, Нийслэлийн "Шавь" цогцолборын багш, магистр Н.Лхагва нарын "Ерөнхий боловсролын зардалд иргэдийн хандлага, өөрчлөлт" судалгаанд нэг талаас, иргэд хүүхдүүдийнхээ боловсролын асуудалд хэрхэн ханддаг болж байгааг илрүүлэх, нөгөө талаас, ерөнхий боловсрол үнэхээр төлбөргүй байх ёстой эсэхийг тогтоох зорилго тавьжээ. Монгол орны байгаль газарзүй, нийгэм эдийн засгийн онцлогийг харгалзан, нийгмийн давхрага бүрийн төлөөллийн санал, сэтгэгдлийг авч харьцуулан судалж, тэдгээр баримтандаа тулгуурлан үнэлгээ дүгнэлт өгчээ. Судалгааны хүрээнд Улаанбаатар, Төв, Дорнод, Баянхонгор аймгуудын иргэдээс асуулгад 197, ярилцлагад 80 хүнийг хамруулж, нийт 277 хүнээс зонхилох мэдээллээ цуглуулсан. Энэхүү өгүүлэлд ЕБС-д суралцагчдаас байнга тооцдог төрөл бүрийн нийтлэг зардлын тухай, эдгээр нийтлэг зардлын аль хэсгийг иргэд гаргах, эс гаргах тухай санал бодол болон иргэдийн хандлагыг хэрхэн судалснаа та бүхэнд толилуулж байна.
Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн доктор (Sc.D) Д.Нямжав, МУИС-ийн Ховд дахь салбарын багш Н.Энхтөр нарын "ЕБС-ийн анги дүүргэлтэд нөлөөлдөг хүчин зүйлс" судалгаанд анги дүүргэлт ихтэй ерөнхий боловсролын сургуулийн асуудал нь монголын боловсролын системд шийдвэрлэх цаг болсон тулгамдсан асуудлын тухай, анги дүүргэлтэд нөлөөлөх хүчин зүйлс, эцэг, эх нь ямар сургуульд татагдан үр хүүхдээ суралцуулахаар өгдөг шалтгааныг Улаанбаатар хот, Ховд аймгийн зарим сургуульд явуулсан судалгааны баримтад тулгуурлан санал бодлоо дэвшүүлж байна. Энэхүү судалгаанд хот, хөдөөгийн 212 хүн хамрагдсан. Судалгааны үр дүнг статистик тооцооны болон чанарын судалгааны аргуудаар /ярилцлага, асуулга/ тооцоолон гаргав. Иймээс олонх эцэг, эх сайн багш, сургалт сайтай сургууль, түүний материаллаг нөхцөл, байршил зэргийг харгалзан суралцуулдаг болохыг судалгааны зарим баримтаас ажиглаж болох юм.
Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн багш С.Түмэндэлгэрийн "Хөдөлмөр эрхлэлт дэх жендэрийн ялгааг тайлбарлах зарим онолууд" нийтлэлээрээ хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн ялгааг тайлбарлах онол баримтлалуудын гол үндсэн санаа болон тэдгээрийн шүүмжлэгддэг талуудыг уншигчтай хамтаар хэлэлцэхийг зорьж байна. Жендэрийн ялгааг тайлбарлаж буй онолуудыг эдийн засгийн, нийгмийн бүтцийн, соёлын болон ёс суртахууны баримтлалын гэсэн 3 бүлэгт ангилан тэдгээр бүлэг онолуудаас судлаачдын дунд алдартай гол онолыг авч үзэхийг хичээлээ. Гэхдээ энэхүү өгүүлэлийн хэмжээнд ойлгохыг хичээсэн онолууд нь өөр өөрийн өнцөгийн үүднээс асуудалд хандсан тул няцаагдах буюу өөрөөр тайлбарлагдах альтернатив боломжуудыг олгож байгаагаас хөдөлмөр эрхлэлт дэх жендэрийн харилцааг тайлбарлах универсал онол гэж байх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.
УТБА-ийн багш Ё.Энхбаярын "К.Попперийн диалектик үзэл баримтлал" өгүүлэлд: Поппер марксизмын буюу диалектик материалист философийн онолын тулгуур үндэс болсон диалектик сургаалыг сайтар задлан шинжилж, диалектик сургаалыг хэт өргөмжилдөгөөрөө алдаатай гэсэн дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, диалектик сургаал байгаль, нийгэм, сэтгэхүйн бүх зүйлд таарч тохирдог, төгс онолын шинжтэй гэж ойлгогдох болсон нь уг сургааль дотооддоо хаалттай буюу шинжлэх ухааны танин мэдэхүйн шалгуурт тохирохгүй гэж Поппер үзсэн байдаг.
Боловсрол дээд сургуулийн докторант Д.Баярсайханы "Монголын нууц товчооны түүх бичлэгийн асуудалд" илтгэлд: XIII зууны үед монголын түүхчид түүх бичих өөрийн гэсэн арга ухааныг бий болгож, түүхийн зохиолоо туурвиж, тэрхүү аргын нэг нь түүхийг уран зохиолын барилаар найруулан бичих арга байсан бололтой. Түүхийг ийнхүү найруулан бичих нь түүхч бус хүмүүс түүхийг ойлгон мэдэхэд чухал ач холбогдолтой байжээ. "Монголын нууц товчоо"-г түүх, уран зохиолын дурсгал хэмээн нэрийдэгдэхэд түүхийг уран зохиолын барилаар найруулан бичсэн нь нөлөөлсөн бололтой гэж үзжээ.
Соёлын коллежийн оюутан Б.Энхбаярын "Монгол болон Тува хөөмэйн эгшиглэлтийн зарим онцлогийн асуудалд" гэсэн илтгэлд: Монголчууд нь хөөмэйлэх арга барилын хувьд хүч их шаардсан цээж болон төвөнхийн доод хэсэгтээ амьсгаа түгжиж хөөмэйлэх ба авсан сууриа үндсэн тональность болгон суурь болон амны хайрцаг үл хөдлөх хэлний угаар аялгаа тоглодог. Тува хөөмэй нь хөөмэйлэх арга барилын хувьд амьсгаа болон шахаа ижил байдаг. Тува хөөмэй амны хөндийг хөдөлгөн аялгуу үүсгэн мөн тремель хийдэг. Монгол хөөмэй нь тремель хийх боломж муутай, учир нь монгол хөөмэй хөөмэйчөөс маш их хүч шаарддаг учир хэл амархан цуцдаг. Тува хөөмэй нь аялгуу авиа тоглож байхад Монгол хөөмэй нь сонгодог зохиолууд төдийгүй ардын дуу хуураа тоглон хөгжимдөж, боловсронгуй болсон байгааг дурджээ.

No comments:

Post a Comment