Saturday, July 7, 2012

Шинэ толь 2004/2, №47

Николай Зимин. Ардчиллын шийдэгдээгүй асуудал
Ирэх сонгуулийн кампанид бага Буш 200 сая доллар буюу түрүүчийн сонгуульд зарцуулсан мөнгөнөөс хоёр дахин их мөнгө зарцуулахаар төлөвлөөд байна. Энэ бол биелүүлж болохоор зорилт мөн. Учир нь Бүгд Найрамдах намынхан мөнгө цуглуулах саадгүй механизм бүтээсэн байна.

Ё.Энхбаяр. Нээлттэй нийгэм ардчилсан нийгэм мөн үү?
Нээлттэй нийгэм хэмээн сүүлийн үед их ярих болсон боловч чухам юуг нээлттэй нийгэм гэх вэ? гэдэг дээр хүмүүсийн ойлгоц төдий л хангалттай биш байгаа нь мэдрэгддэг. Ялангуяа, нээлттэй нийгэм ардчилалтай чухам яаж холбогдоод байгаа, ардчилсан нийгмийг нээлттэй нийгэм гэж ойлгох нь зөв үү? зэрэг олон асуудал эндээс үүснэ. Хэдийгээр хариулт нь хангалттай биш байж болох ч асуудлыг хэр оновчтой томъёолсон бэ? гэдэг нь танин мэдэхүйн утгаараа үнэ цэнэтэй. Асуултын хариу ямагт төгс биш байдаг.
Б.Баярмаа. Мэтгэлцээн: ач холбогдол, баримтлах дүрэм, шүүлт
Эртний Грекчүүд сайн мэтгэлцээнээс зөв шийдвэр гардаг хэмээн үзэж, иргэд нь хуулиа хэлэлцэж, мэтгэлцдэг байсан бөгөөд дунд сургуулийн сурагчдад мэтгэлцээний урлагийг эзэмшүүлэх хичээл заадаг байжээ.
Дундад зууны үед Европт илтгэх урлаг болон мэтгэлцээнийг боловсролын хөтөлбөртөө оруулж байжээ. АНУ-ын түүхэнд эртнээс мэтгэлцээний клуб их сургуулиудад байгуулагдан ажиллаж байсан нь тэмдэглэгдсэн байдаг. Харин 1960 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Жон Кеннеди, Ричард Никсон нарын хооронд болсон мэтгэлцээнийг орон даяар телевизээр нэвтрүүлсэн нь мэтгэлцээн дэлгэрэхэд ихээхэн түлхэц үзүүлсэн гэж үздэг.
Өнөөдөр мэтгэлцээн Европ, Зүүн болон Төв Азийн орнуудад өргөн дэлгэрч байна.
Ч.Тамир.
1. Сонгогчийн сонгуулийн зан үйлийг судлах онол, арга зүй
Зан үйл хэмээх ойлголтыг монгол хэлэнд янз бүрээр орчуулдаг. Нийгмийн шинжлэх ухаанд тухайлбал, эдийн засаг, улс төр судлал, философи, кибернетик, сэтгэл судлал зэрэг олон шинжлэх ухаан зан үйл гэсэн ойлголтыг өөр хоорондоо ялгаатайгаар хэрэглэдэг. Yүнийг тухайн шинжлэх ухааны өвөрмөц аспекттай, цаашилбал судлаачдын өөрсдийн нь үзэл баримтлалын ялгаатай байдалтай холбон тайлбарлаж болно. Жишээлбэл, кибернитекийн шинжлэх ухаанд зан үйлийг системийн хандлага, төлөв байдал гэсэн утгыг илэрхийлдэг бол сэтгэл судлалд зан төрх, авир гэсэн агуулгаар, харин улс төр судлаачид үйл байдал, үйл хөдлөл гэж судалгааны ажилдаа хэрэглэдэг байна. Бидний бодлоор зан үйл гэсэн ойлголт харьцангуй тохиромжтой, сүүлийн жилүүдэд цөөнгүй судлаачдын дунд хэвшсэн гэж хэлж болно.
2. Монгол сонгогчийн зан үйл, тодорхой хэв шинж, шилжих хөдөлгөөн
2004 оны сонгуульд аль нам ялах вэ? Энэ ерөнхий асуултад хариулахын тулд сонгууль болгоны өмнө сонгогчдын санал өөрчлөгддөг үү?, өөрчлөгддөг бол ямар хүмүүсийн санал өөрчлөгддөг вэ?, яагаад өөрчлөгддөг вэ?, ер нь сонгуулийн дүнг урьдчилан хэлж болох уу?, үүнд ямар хүчин зүйл хамгийн чухал байдаг вэ? гэх зэрэг маш олон асуултад хариулах хэрэгтэй болох юм. “Сайн тавьсан асуулт гэдэг хариултаа өөртөө агуулж байдаг” гэсэн мэргэн үг байдаг.
Эдгээр асуултад судалгаа хийлгүйгээр хариулт өгөх нь бараг боломжгүй зүйл. Тиймээс эл сэдвийг хөндөн судалгааны баримт дээр тулгуурлан 2004 оны парламентын сонгуулийн өмнөх улс төрийн ерөнхий дүр төрхийг тоймлон харвал дараахь байдлаар төсөөлөгдөж байна.
Ж.Золмаа. АНУ дахь сонгуулийн кампанийн хүрээн дэх олон нийттэй харилцах ажлын талаар АНУ-д сонгуулийн кампанийн явцад дараахь гурван сувгаар олон нийтэд хандсан үйл ажиллагаа явуулдаг:
1. “төлбөртэй хэвлэл мэдээллийн хэрэгсэл” буюу олон нийтийн мэдээллийн хэрэгслээр (радио, телевиз, сонин, сэтгүүл) явуулах сурталчилгаа
2. “сонгогчтой шууд харилцах” хэлбэрээр буюу шуудангаар захиа илгээх, утсаар ярих, гэрээр уулзах
3. “үнэгүй сурталчилгаа” буюу хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацсан мэдээлэл болон олон нийттэй харилцах ажлын хүрээнд явуулсан үйл ажиллагаа нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхааралд өртөн тэднээр дамжин сурталчлагдах
Б.Алтансүх. Хүний хөгжлийн цогц стратеги, түүний үнэлэмжийн асуудлууд
Шинэ мянганы босгон дээр олон улсын байгууллага, засгийн газрууд хүний хөгжлийн баталгаатай орчин, түүний зохистой үнэлэмжийн талаар эрэл хайгуулаа үргэлжлүүлсээр байгаа юм. Шударга ёс, тэгш өрсөлдөх боломжийг баталгаажуулсан хүний зохистой хөгжлийн боломжуудыг хангах нь ардчиллыг баталгаажуулах, иргэний нийгмийн зохистой төлөвшилтийг хангах, эдийн засгийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд чухал тулгуурын нэг боллоо. Энэ нь Ази, Африкийн ядуу болон хөгжиж буй орнууд төдийгүй хөгжингүй гүрнүүдийн хувьд ч чухлаар тавигдах болжээ.
Д.Баярхүү. Зөвлөлт Хятадын харилцаа, Монгол дахь зөвлөлтийн цэрэг ба мэргэжилтэн
Одоогоос яг 15 жилийн тэртээ 1989 оны хавар. Зөвлөлтийн цэргийг Монголоос гаргаж эхэлсэн билээ. Харин Зөвлөлтийн цэргийг гаргах болсон шалтгаан, гаргасан үйл явцыг монголчууд ор тас мартсаны гайгаар түүхэн үгүйсгэл бидний ухамсарт үлдэж, “Ах нарыг хөөж гаргасан”, “Ах дүү Зөвлөлтийн армийг хөөж туусан” бүх зэм одоогийн ардчилсан хүчин рүү чиглэж ирсэнийг эрхбиш ялгаж салгах үүднээс бяцхан түүх сөхөж түүхэн үнэнийг сануулах нь зүйтэй гэж үзлээ.

No comments:

Post a Comment