Saturday, July 7, 2012

Шинэ толь 2004/1, №46

УТБА-ийн багш Б.Баярмаа "Улс төрийн маркетинг" өгүүлэлдээ улс төрийн сонгуулийн өмнөх нөхцөл байдал болон сонгогчдын санаа бодлыг судлан үнэлж, дүгнэх, улмаар сонгогчидод нөлөөлөх үндсэн дээр улс төрийн зах зээл дээр нэр дэвшигчдийг хэрхэн худалдах арга замыг тодорхойлж, сонгуульд ялалт байгуулахад улс төрийн маркетинг гэдэг ойлголтыг хэрэглэх нь чухал ач холбогдолтой болохыг онолын хувьд авч үзжээ. Өөрөөр хэлбэл, сонгогчдын санаа бодол, эрэлтэд нийцсэн нэр дэвшигч сонгуульд хэрхэн ялалт байгуулах вэ гэдгийг маркетингийн болон улс төрийн маркетингийн шинжлэх ухааны үүднээс тайлбарлажээ.

МУИС-ийн Ховд дахь салбарын нийгмийн ухааны тэнхимийн багш Д.Мягмарсүрэнгийн "Улс төрийн загварчлал" өгүүллээс та загвар, загварчлах аргын талаар олж мэдэхээс гадна судалгааны объект болон арга зүйн хувьд бусад шинжлэх ухаанаас онцлог ялгаатай улс төрийн шинжлэх ухаанд тэрхүү загварчлах арга хэрхэн хэрэглэгдэж байгааг болон тоон технологи, компьютерийг улс төрийн загварчлалд яаж ашиглах болсон талаар мэдэж авна.
''Monye in Politics Handbook'' номоос УТБА-ын багш Б.Алтансүхийн орчуулсан "Улс төрийн хүрээн дэх мөнгөний урсгал, түүний ил тод байдал ба хяналтын тухай" өгүүлэлд ардчиллын бүх хэлбэрүүд, түүний дотор ардчилал шинээр хөгжиж буй орнуудад ч гэсэн хамааралтай олон янзын тайлбар, үзэл бодлыг дагуулдаг асуудал болох улс төр болон мөнгөний хамаарлын талаар бичжээ. Мөн улс төр дахь мөнгөний хаалттай урсгалын аюул, улс төр дахь мөнгөний урсгалыг хянах арга зам, ач холбогдлын тухай өгүүлжээ.
МУИС-ийн Социологийн тэнхмийн багш Ч.Тамир "Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт: түүнийг тойрсон улс төрийн үйл явц ба олон нийтийн санал бодол" өгүүлэлдээ Үндсэн хуулийн өөрчлөлт хэмээх маргаантай сэдвийг олон нийтийн санаа бодлын судалгаа болон экспертийн судалгаатай хослуулан судалсан байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг парламентад суудал бүхий улс төрийн намууд зөвшилцөн хийж Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн Цэц зэрэг субъектүүдийн саналыг харгалзан үзээгүй нь Үндсэн хуулийн өөрчлөлтөд иргэд эерэгээр хандах хандлагыг бууруулсан байна. Мөн өөрчлөлийн талаар төвийг сахигчдын тоог нэмэгдүүлсэн гэсэн санааг тусгажээ.
ХБНГУ-ын "Дас Парламент" сэтгүүлд нийтлүүлсэн Кристина Холц-Баха нь "Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ба сонгууль: Сонгуулийн кампанит ажлын мэргэшиж буй байдал" өгүүлэл нь сонгуулийн кампанит ажилд хэвлэл, мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүрэг, ялангуяа, телевиз сонгуулийн тэмцлийн гол хэрэгсэл болох, сонгуулийн кампанит ажил бүхэлдээ америкжиж, олон улсын шинж чанартай болж байгаа тухай судалгааны материал дээр үндэслэж бичжээ.
ХБНГУ-ын "Дас Парламент" сонины хавсралтад нийтлэгдсэн Андреас Дёрнер, Лудгера Фогт нарын "Сонгуулийн өрсөлдөөн ёслолын чанартай үйлдэл болох нь" өгүүллэгт төлөөллийн ардчиллыг тодорхойлох гол жаяг /ритуал/ болох сонгуулийн кампанийн бэлгэдлийн шинжийг тодруулахыг оролдсон болно. Эхний хэсэгтээ зохиогчид орчин үеийн сонгуулийн кампанийн хүрээн дэх коммуникацийн бүтэц, чиг үүргийг авч үзжээ. Дараагийн хэсэгт сонгуулийн кампанийг ардчилсан тогтолцооны утга агуулгыг таниулан ойлгуулахад чухал нөлөө үзүүлдэг жаяг болохынх нь хувьд нарийвчлан авч үзсэн байна. Нийтлэлийн гуравдахь хэсэгт "олон янзын сонголт бүхий нийгмийн" /multioptional society/ хүрээнд бидний өнөөгийн өдөр тутмын амьдралыг тодорхойлох болсон үнэ цэнэ нь буурч буй олон сонголттой харьцуулахад улс төрийн сонголт хэрхэн үнэлэгддэг болохыг харуулжээ.

No comments:

Post a Comment