Saturday, July 7, 2012

Шинэ толь 2003/4, №45

УТБА-ийн багш С.Энхтөр нь "Ардчилах үйл явц ба автократаас ардчилсан дэглэмд шилжих арга зам, хүчин зүйл" хэмээх нийтлэлдээ: Ардчилах үйл явцыг юу гэж тодорхойлдог болох, энэ үйл явцыг түүхэн үүднээс судалж үзэхэд автократ дэглэмээс ардчилсан улс төрийн дэглэмд шилжих ямар арга зам байдаг тухай дэлгэрэнгүй өгүүлэхээс гадна ардчиллын давалгааны тухай ойлголтыг уншигчдад хүргэнэ. Үүний зэрэгцээ ардчилах үйл явцад гадаад болон дотоод ямар хүчин зүйлс нөлөөлдөг, эдгээр хүчин зүйлсийн талаар улс төр судлаачдын дунд үзэл бодлын ямар ялгаа оршдог болохыг харьцуулан гаргажээ.

Конрад Аденауэрын Сангийн ажилтан Ц.Батмөнх"Парламент нээлттэй, цөөнхийн эрхийг хамгаалан ажиллаж чадсанаар парламент ёс төлөвшинө" өгүүлэлд дэвшүүлж буй хамгийн гол санаа нь Монголд парламентын ардчиллыг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд оршиж байна. Парламентын засаглалыг зөвхөн хууль бүтээх, засгийн газрыг бүрдүүлэн хяналт тавьдаг институт талаас нь бус, юун түрүүн хүний эрхийг хамгаалан, хангаж байдаг, хүний хөгжлийн таатай орчныг бүрдэхэд анхааран ажилладаг төлөөллийн байгууллага байх ёстойг онцолсон юм. Үүний тулд парламентын бүхий л үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй ил тод байж, ард түмний өөрийнх нь сонголтоор бий болсон олонхи цөөнх хоёул тэгш эрхийн үндсэн дээр харилцаж, бодлогын сайн хувилбаруудаараа уралддаг эрх тэгш хэлэлцүүлэг, мэтгэлцээн бүхий институт болон төлөвших нь чухал. УИХ цөөнхийн эрхийг хязгаарлах бус, харин ч, эсрэгээр, тэдний эрхийг аль болох өргөтгөн баталгаажуулж, үйл ажиллагаагаа чанаржуулж, илүү чадварлаг, бүтээмжтэй болгохын тулд өндөр хөгжилтэй парламентуудын жишээ, загваруудаао үйл ажиллагааныхаа хэлбэрийг баяжуулан ажиллах нь зүйтэй гэдгийг илэрхийлсэн болно. Ардчилсан парламентын шалгуур үзүүлэлтүүд юу болох, тэдгээрийг хэрхэн ямар арга хэлбэрээр хэрэгжүүлж болдгийг тодорхой санал, жишээнүүдээр тайлбарлан дүрсэллээ. Парламентын үйл ажиллагааг илүү ардчилах, олон нийтийн улс төрийн хүсэл сонирхолд нийцүүлэн шинэтгэхэд зохиогчийн санаа бүхэлдээ чиглэгдэж байгаа ба гагцхүү парламент олон нийтийн мэдээлэл авах, хяналт тавих эрхийг нь ханган, хууль бүтээх ажиллагаанд иргэдийн оролцоог өргөжүүлэх чиглэлд байнга шинийг эрэлхийлэн ажиллахад парламентын реформын утга санаа оршин буйг эцэст нь тэмдэглэж байна.
УТБА-ийн багш Б.Алтансүх "Эдийн засгийн бодлогын улс төрийн үйл явцад үзүүлэх нөлөөллийн асуудалд" нийтлэлдээ: Улс төр болон эдийн засгийн бодлогын хамаарал нь судлаачдын анхаарлыг үргэлж татсаар ирсэн асуудлын нэг билээ. Чухам ямар эдийн засгийн бодлого улс төрийн хүчнүүдэд сонгогчдыг татаж, эрх мэдлээ бэхжүүлэх боломж бүрдүүлж болох талаар олон чиглэлээр, ялгаатай үзэл бодлыг судлаачид гарган тавьдгийн нэг нь нийгмийн сонголтын онол юм. Энэ онол нь улс төрийн аливаа хүчний эдийн засгийн бодлогод хандах хандлага, цаашилбал, нийгмийн хангалуун байдлыг дээшлүүлэхэд төрийн ач холбогдлыг авч үзсэнээс бус эрх мэдлийг олж авах, тогтоон барих "бэлэн жор" биш нь ойлгомжтой. Нийтлэлд эдийн засгийн үйл явцад оролцож байдаг янз бүрийн сонирхолтой талууд, тэдгээрийн харилцан хамаарлыг авч үзсэн байна.
УТБА-ийн багш Б.Баярмаа нь "Улс төр дэх популизмын эерэг ба сөрөг үр дагварын тухайд" хэмээх өгүүлэлдээ: Нийгмийн хөдөлгөөн, улс төрийн үйл ажиллагааны хэлбэр, улс төрчдийн үзэл бодол, сэтгэл зүй, ёс суртахууны илэрхийлэл болох популизмын мөн чанарыг эерэг ба сөрөг талаас нь зэрэгцүүлэн авч үзэхийг чухалчилсан байна. Түүнчлэн популизмын товч түүх, хууль тогтоох байгууллага дахь популизм үүсч бий болох, идэвхжин сэргэхэд нөлөөлдөг хүчин зүйлс, популист арга барил, үйдлийн үр дагаварыг тодорхойлохыг оролджээ.
УБИС-ийн багш Д.Бямбажав нь "Антиглобализмыг ойлгохуй" хэмээх өгүүлэлдээ: Глобальчлал бол сонголт биш, бодит байдал, глобальчлалд хамрагдах эсэхийн тухай асуудал байх боломжгүй хэмээх ойлголт түгээмэл болжээ. Xүний аюулгүй байдал, нийгмийн зүй ёс, ардчиллыг ноцтой хохироох байдал нь багасахгүй тохиолдолд энэ үйл явц зохистой үр дүнд хүрэх эсэх нь эргэлзээтэй юм. Хэдийгээр антиглобализм гэсэн нэрийн дор авч үзсэн дээрх нийгмийн бүлгүүд, үзэл санаа нь нэгдмэл нэгэн хүчин болоогүй байгаа ч, учруулж буй занал, хохирол нь олдож буй ашиг, боломжоос нь хэтэрвэл нэгдмэл биш ч нэг тийш хандсан түрлэгийг улам хүчтэй бий болгож ч болох хэмээн бичжээ.
МУИС-ийн багш Ч.Тамир "Үндсэн хууль ба сонгуулийн хууль" өгүүлэлдээ: 1992 оны Сонгуулийн тухай хуулинд нэг тойрогт нийт сонгогчдын 25 хувиас доош хувийн санал авсан тохиолдолд сонгогдсонд тооцдог хуулийн заалт нь үндсэн хуулийг өөрчлөх заалт буюу 57 гишүүнээс дээш санал авбал өөрчлөлт хүчин төгөлдөр болдог заалттай холбоход учир дутагдалтай харагдаж байна. Учир нь онолын хувьд 57 тойрогт 25 хувийн санал буюу нийт сонгогчдын 18 хувийн санал авсан тохиолдолд Үндсэн хуульд өөрчлөлт хийх боломжтой болсон нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухайд ард нийтийн санал асуулга явуулбал тэдгээрийн олонхи /50+1/-ийн санал авсан тохиолдолд хүчин төгөлдөр болдог заалттай зөрчилдөж байна. Иймээс сонгуулийн хуулийг үндсэн хуульд нийцүүлэн өөрчлөх нь зүйтэй юм гэжээ.
УТБА-ийн багш Ё.Энхбаяр "Гуманист психоанализ ба Фройд, Маркс нарын маргаан" нийтлэлдээ: Герман-Америкийн сэтгэл зүйч, социологич, хүмүүнлэг үзэлтэн Эрих Фромм Марксын социологийн онол, Фрoйдын сэтгэл зүйн онолыг нэгтгэх үндсэн дээр онолын байгууламжаа бүтээж гуманист психоанализ хэмээн нэрлэсэн байна. Тэрээр Фройдын сэтгэл зүйн онолыг АНУ-ын аж үйлдвэржсэн буюу хэрэглээний нийгмийн, харин Марксын онолыг Оросын большевизмын оюун санааны үндэс болсон гэсэн сонирхолтой санааг дэвшүүлсэн юм. Фромм Марксын болон Фройдын онолын зохистой талуудыг нэгтгэн хүмүүнлэг агуулгаар баяжуулснаараа шинжлэх ухааны болон нийгмийн хүрээнийхний дунд хүндтэй байр суурь эзэлсэн XX зууны томоохон сэтгэгч мөн гэдгийг харуулжээ.
УТБА-ийн багш Г.Цог-Өрнөх "Эдийн засаг дахь хөрөнгө оруулалтын бодлогын асуудалд" нийтлэлдээ: Гадаадын хөрөнгө оруулалтын ач холбогдлыг төрийн бодлогын хэмжээнд хүлээн зөвшөөрсөөр байна. Манай орны онцлог тал, нэг хүнд ногдох баялгийн хэмжээ гээд эдийн засгийн асуудлыг зөв зохистой шийдвэрлэхэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын асуудал чухал юм. Өнөөгийн нөхцөл байдалтай уялдаад дотоодын хөрөнгө оруулалт гэхээсээ илүү гадаадын, тэр тусмаа гадаадын шууд хөрөнгө оруулалтыг чухалчлах шаардлагатай юм. Учир нь манай дотоодын үйлдвэрлэлийн салбарын сул дорой хөгжил, техник технологийн хүчин чадал, бүтээмж, үр ашиг муу байгаа болон дотооодын үйлдвэрлэлийг дэмжсэн төрийн системтэй бодлого хангалтгүй байгаатай холбоотой. Монгол орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн суурь нь гадаадын шууд хөрөнгө оруулалт, түүнийг дэмжихэд чиглэгдэх шаардлагатай байна гэж бичжээ.

No comments:

Post a Comment