Saturday, July 7, 2012

Шинэ толь 2003/2, №43

Д.Болд-Эрдэнэ. Монголын өнөөгийн улс төрийн орчны төлөвшилтийн зарим асуудал
Улс төрийн шинжлэх ухааны ойлголтын аппаратын системд “улс төрийн орчин” хэмээх нэр томъёо онцгой байр суурь эзэлдэг. Энэ нь эл ойлголтын агуулгын багтаамж, логик онцлог, улс төрийн бодит үзэгдэл, үйл явцтай, түүний холбогдон уялдах шинж байдлаар нөхцөлдөж байна. Улс төрийн орчны асуудал нь энгийн ухамсарын түвшинд хэн бүхэнд ойлгомжтой тодорхой асуудал мэт боловч онолын хувьд энэ нь үлэмжхэн нарийн төвөгтэй асуудал болох нь илэрхий юм.

Ч.Тамир. Монголын нийгэм дэх улс төр, бизнесийн харилцааны зарим асуудалд
Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг цочроож байгаа үзэгдэл бол улс төрийн тодорхой хүчин сонгуульд оролцохдоо бизнес бүлэглэлүүдээс санхүүгийн дэмжлэг авах болсон явдал юм. Уг үзэгдэл хуучин социалист болон СНГ-ийн орнууд, мөн хөгжингүй Япон, Герман, бүр цаашилбал АНУ-ын Ерөнхийлэгчтэй хүртэл холбогдсоноор түгээмэл шинжтэй боллоо. Ардчиллын нэг ёсны хямрал гэж хэлж болохуйц эл үйл явцыг ажиглавал цаашид ужигран хүндрэх төлөвтэй байна. Дэлхий нийтэд өрнөж байгаа энэхүү үйл явдал нь манай улсыг ч тойрч гарсангүй.
Ядуу буурай хөгжилтэй, гаднаас орж ирэх зээл тусламжид шүтэж амьдардаг, улс төр, бизнесийн орчны эрх зүйн зохицуулалт төлөвшөөгүй байгаа манай орны хувьд уг асуудал нь ихээхэн хүндрэл бэрхшээлийг бий болгож байгаа бөгөөд нягт судалгаа шаардаж байна.
Б.Баярмаа. Улс төрийн манипуляци: мөн чанар ба технологи
Тоталитар дэглэмийн хувьд олон түмнийг удирдах ердийн арга хэрэгсэл нь хүчирхийлэл, хэлмэгдүүлэлт, айдас түгшүүр байдаг. Ардчилсан нийгэмд мэдээж хэрэг энэ арга нь явуургүй болдог хэдий ч олон түмнийг манипуляцлах аргыг хэрэглэх явдал тохиолддог. Ийм тохиолдолд бид манипуляцийн олон түмэнд учруулах үр дагаварын талаар бодохгүй байж боломгүй. Хамгийн аюултай нь манипуляцид автсан олон түмэн юу хийж байгаагаа, өөрийн эрх ашиг сонирхлын эсрэг үйлдэл хийж буйгаа ч мэддэггүй, тэр ч бүү хэл өөрийнх нь эрх чөлөөг хязгаарлагч буруутай этгээдийг олж харахыг ч хүсдэггүй. Ронг үүнтэй нь холбогдуулан манипуляцийг засаглалын хамгийн хүмүүнлэг бус хэлбэр, золиослуулагч нь түрэмгийллийн ямар нэгэн объект болсноо ядахнаа мэдэж байдаг албадан тушаах засаглалаас ч илүүтэй хүмүүнлэг бус зүйл болохыг сануулсан байдаг.
Ё.Довчин. Харьцуулсан улс төр: ардчиллах үйл явц
Өнгөрсөн зууны туршид дэлхий дахиныг хамарсан ардчиллын гурван удаагийн давалгаа нийгмийн шинжлэх ухаан,түүний дотор улстөр судлалын онолын хийгээд эмпирик хөгжилд хүчтэй нөлөөлсөн ажээ. ХХ зуун гармагц үүссэн анхны давалгааны үед судлаачид гол төлөв орчин үеийн олон нийтийн ардчиллын нөхцөл дэх улстөрийн мөн чанарыг дахин авч үзэхэд анхаарлаа төвлөрүүлж байв. Ардчиллын хоёрдахь давалгаа дэлхийн хоёрдугаар дайны үед эхэлж, улмаар колонийн эсрэг хөдөлгөөн, фашизмын ялагдлаар тодорхойлогддог. Тухайн үеийн судалгаа ардчиллыг тогтоон барих шаардлага, нөхцөлүүд, ардчилсан үйл явцыг тасалдуулж болзошгүй хүчин зүйлсийг нээж илрүүлэхэд чиглэгдэж байжээ. Уул давалгаа харьцуулсан улстөр судлалын "алтан үе" гэгддэг 50-60-аад онтой давхцдагаараа онцлог.
Д.Мягмарсүрэн. Улс төрийн прогнозчлол
Орчин үед прогнозыг –“ирээдүйд тухайн болон бусад үзэгдлийн боломжит төлөв байдлын тухай буюу уг төлөв байдлын хэрэгжих альтернатив арга зам, цаг хугацааны талаарх шинжлэх ухааны үндэслэлтэй эргэцүүлэл” гэж тайлбарлаж байна. Гэхдээ орчин үеийн барууны эрдэмтэд прогноз тодорхой үндэслэлтэй байх ёстой ч заавал шинжлэх ухааны үндэслэлтэй байх албагүй гэж үзэж байна. Мөн прогнозыг нэг утгаар бус нэлээд олон талаас, олон янзаар тодорхойлсон. Учир нь прогноз нь анализ, синтез, оношлолтой адилаар шинжлэх ухааны салбар бүрт ашиглагддаг.
Б.Алтансүх. Авилгалын мөн чанар, түүний үр дагаврын асуудалд
Авилгалтай амжилттай тэмцэхийн тулд тїїнийг їїсгэж буй орчин, чухам ямар їзэгдэл, їл ажиллагааг энд багтааж байгааг авч їзэх шаардлага урган гарч байгаа юм. Орчин їеийн авилгалын мєн чанарыг судлаачид олон янзаар тайлбарладаг. Шведийн эдийн засагч, дипломат Г.Мюрдаль нэгэнтээ “тодорхой бус, муу хуулиудаас болж бид хууран мэхлэгчдийн улс гїрэн болж хувирлаа” гэж бичсэн нь бий. Зарим хуульчид авилгал, хээл хахууль муу хууль гэхээс ємнє хїн тєрєлхтєний “тєрєлхийн євчин” учраас гаарах їедээ ч гаарч, эсхүл намддаг гэж баталцгаадаг нь бүр Цицероны ишлэлийг ч санагдуулна. Олонхи судлаачид, улс тєрчдийн хувьд авилгалын гол эх сурвалжийг аажмаар л єсєн нэмэгдэж буй тїшмэдийн арми, нийгмийн амьдралд улам бүр нэвтэрч буй хїнд суртал, тєрийн їїргийг їндэслэлгїй хэт єргєжїїлж буйтай холбон авч үздэг.
А.Пагма. Паркинсон ба хүнд сурталтнууд
Сирил Норткот Паркинсон бол нэрт шог нийтлэлч, түүхч, улс төр судлаач, эдийн засагч хүн юм. Тэрээр олон жил Английн хүнд суртлын аппаратыг судалж, маш нарийн судалгаа явуулснаар, түүний үйл ажиллагааны хуулиудыг нээсэн бөгөөд тэдгээрийг Паркинсоны хуулиуд гэж нэрлэжээ. Тэдгээрээс зөвхөн эхний гурвыг нэрлэвэл:
• Түшмэл өөрийн гарын дор байх хүнийг л нэмэхээс, өрсөлдөгчийг олшруулдаггүй.
• Түшмэд бие биенийхээ төлөө л ажилладаг.
• Хүнд сурталтныг танихад амархан, тэрээр өөрөөсөө чадалтай хүнийг “алга болтол нь” нэг суудалдаа сууж, ирээдүйтэй, авъяаслаг хүнд өсөж өндийх боломж олгодоггүй гэжээ.
Ё.Энхбаяр. Жак Деррида ба деконструктивизм
Дерридагийн гол баримтлал болох деконструктивизм бол тодорхойлон хэлэхэд тийм ч хялбар баримтлал биш. Өөрөөр хэлбэл, түүнийг яг экзистенциализм, феноменологизм, структурализм шиг ийм тийм гэж хэлэхэд төвөгтэй юм. Хэдийгээр нэг өгүүлэгт түүний баримтлалыг бүхэлд нь өгүүлэх боломжгүй боловч хамгийн гол гэсэн хэсгүүдийг нь уншигч танд толилуулж, дүгнэлт хийх боломж олгох нь илүүтэй гэж үзлээ.
Ч.Баатар. Уламжлалт бус сэтгэлгээний хэлбэр буюу постмодернизмын тухай товчхон
Философийн түүхэн хөгжлийн үйл явцыг эргэн харахад хүний оюун ухаан, түүний хэлбэржилт болох сэтгэлгээг олон янзаар загварчилснаас шалтгаалан философи өөртөө судлах зүйлгүй мэт болон хувирсан үе нь 18 дугаар зууны төгсгөл, 19 дүгээр зууны эхэн үетэй тохиосон билээ. Бид энэнхүү загварчлалыг эртний Грекийн агуу их философич Аристотелийн анх удаа нэрийдсэн шинжлэх ухаан хэмээх нэрээр нь төвөггүйхэн танина. Ерөөсөө олон мянган жилийн хөгжлийн замыг төвөггүйхэн туулсан философи маань Германы сонгодог философийн гайхамшигт төлөөлөгчид болох И.Кант, Г.Хегель, Л.Фейербах нарын үзэл, онол, сургаалиар нэгтгэн дүгнэгдсэн, диалектик материализм дахь гажуудалд орсныг эс тооцвол энэ цаг үе нь философиос хөгжлийн шинэ зам сонгохыг шаардаж байв. Энэхүү байдал нь философиос өөрийн мөн чанараас татгалзах шаардлага тавиагүй боловч сэтгэлгээний уламжлалт арга хэлбэрээ бүр мөсөн орхихыг нөхцөлдүүлсэн юм. Үүнээс үндэслэн шинэ хэв маяг, арга замаар үндэслэгдэх болсон энэхүү философийг бид уламжлалт бус, тодруулбал ихэнхи сурах бичиг, ном зохиолд нэрлэж заншсанаар сонгодог бус философи гэж нэрлэх болсон байна.
В.Оюумаа, М.Уянга Олон улсын эрх зүй дэх “Хүний эрх” ба “Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй”
Эдүгээгийн эрин үе нь хүн төрөлхтний хөгжилд гүн гүнзгий өөрчлөлт гарсан үе. Улс орнуудын харилцаа гүнзгийрэн хөгжихийн хэрээр нийгэм, улс төр, эдийн засаг төдийгүй хүний эрх, хүмүүнлэгийн салбарт ч хамтран ажиллах нөхцөл шаардлага нэгэнт бий болсон гэдэгтэй хэн ч санал зөрөхгүй бизээ. Гагцхүү эдгээр хувьсал өөрчлөлт, хамтын ажиллагааны хөдөлгөгч нь “хүн”, тэдгээрийн эрхийг хамгаалах асуудлыг хүний эрхийн олон улсын эрх зүй болон олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн салбарт хэрхэн авч үзэж байгааг тодруулахын сацуу эдгээр салбар эрх зүйн хамаарлыг илэрхийлэхийг зорилоо.
Э.Байгаль. Олон улсын хувийн эрх зүйн хэм хэмжээний бүрэлдэхүүн
Өмнөх нийгмийн үед манай улс зөвхөн социалист гэгдэх орнуудтай дипломат харилцаатай, гадаад эдийн засгийн харилцаа нээлттэй биш байсан учраас иргэд, хуулийн этгээд гадаадын элемент оролцсон иргэний эрх зүйн харилцаанд оролцох явдал туйлын цөөн, гадаад орны эрх зүйг хэрэглэх явдал шүүхийн практикт огт байхгүй байсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Харин сүүлийн арваад жилийн хугацаанд Монгол улсад гарсан нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлтийн үр дүнд төрийн тогтолцоо бүхэлдээ өөрчлөгдөж, улс төр эдийн засгийн хувьд нээлттэй бодлого явуулж эхэлсэн билээ. Ингэснээр дэлхийн улс орныг улс төрийн үзэл баримтлалаар нь ялгаварлалгүй дипломат харилцаа тогтоож, эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ хэлцлүүд олноор байгуулагдаж байна. Түүгээр ч зогсохгүй иргэд, хуулийн этгээд хөрөнгө оруулалт, гадаад худалдаа, ажил гүйцэтгэх, тээвэр зуучлал, аялал жуулчлал зэрэг иргэний эрх зүйн бүхий л салбаруудаар гадаадын иргэд хуулийн этгээдтэй хамтран ажиллаж, дээрхтэй холбогдсон эрх зүйн харилцаанд оролцох явдал хурдацтай нэмэгдэж байна. Иймээс дээр дурьдсан гадаад элемент бүхий олон харилцааг зохицуулдаг олон улсын хувийн эрх зүйг нарийвчлан судлах шаардлага бидний өмнө тавигдаж байгаа юм.

No comments:

Post a Comment