Saturday, July 7, 2012

Шинэ толь 2003/1, №42

М.Энхсайхан. Монголын нийгмийн улс төрийн амьдралд гарч буй өөрчлөлт, цаашдын хандлага
1990 оноос хойш Монголын нийгмийн улс төрийн амьдралд асар их өөрчлөлт гарсан нь маргаангүй. Олон намтай болсон, ардчилсан зарчмаар төрөө сонгодог болсон, төрийн эрх мэдлийг хуваасан, иргэний нийгэм төлөвшиж байгаа гээд тоочоод байвал олон зүйлийг нэрлэж болох бизээ.

Гэвч хамгийн гол ололт бол монголчууд догматизмаас салж, нийгмээ цаашид боловсронгуй болгох нээлттэй нийгэмд шилжих талаар том алхам хийж чадсан явдал гэж үзэж байна. Ардчилал төгс төгөлдөр зүйл биш. Гэвч ардчилал нийгмээ боловсронгуй болгох бололцоог Монголчуудад өгч байгаа юм.
Нийгэм өөрийгөө боловсронгуй болгох үйл явцад үргэлж нээлттэй байх явдал нээлттэй нийгмийн үндсэн сүнс юм. Бид Монгол дахь ардчиллын хөгжлийн асуудлыг авч үзэхдээ ямар арга зүйг баримтлах вэ гэдэг асуудал өнөөгийн Монголын нийгэмд чухал ач холбогдолтой байх болов уу гэж бодож байна. Үүнтэй холбогдуулаад Карл Попперын “The open society and its enemies” (“Нээлттэй нийгэм ба түүний дайснууд”), Фредрик Хаякын “The Road to Serfdom” (“Боолын байгуулалтад хүрэх зам”) зэрэг бүтээлүүдэд манай улс төрчид, судлаачид анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна. Энэхүү суут бүтээлүүдийг эх хэлэн дээрээ гаргах талаар ч бодох цаг болсон шиг байна.
С.Цанжид. Монгол соёл иргэншил дэх төрийн онцлог
Соёл иргэншлийг бүрдүүлэгч эгэл нэгжүүдийн дотор өөрийн онцлогтой төр зайлшгүй байх талаар эрдэмтэд санал нэгтэй байдаг. Төр нь нэгтгэгч, тодорхой нэг соёл, үйл ажиллагааны дадал загварыг түгээгч байдгаараа соёл иргэншлийг төлөвшүүлэгч хүчний нэг, тухайн нийтлэг соёл иргэншил болсны бас нэг үзүүлэлт мөн гэж болно. Нөгөө талаар, соёл иргэншлийн суурь болсон соёл тэрхүү төрийн онцлогт ч бас тусгалаа олсон байх учиртай биз. Монгол соёл иргэншлийн төрийн онцлог шинжүүд нь бүр Хүн улсын үеэс боловсрон уламжлагдсаар Чингисийн төрд төгс илрэлээ олсон байна.
Н.Лүндэндорж. Эрх зүйт төрийн төлөвшлийн зарим асуудал
Эрх зүйт төрийн тухай үзэл санаа, түүний бодит амьдралд хэрэгжих үйл явц – европын улс төр, эрх зүйн соёлын түүхэн үр дүн байлаа. Өдгөө энэ үзэл санаа дэлхий дахинаа өргөн тархаж, улс төр, эрх зүйн нэг чухал үнэт зүйл гэж хүлээн зөвшөөрөгджээ. Аливаа төрийн мөн чанар – нийгмийн баялгийг ард түмний өөрийнх нь дотоод ашиг сонирхлыг өдөөн дуудах замаар уу, эсхүл төрийн механизмын албадлага, шаардлага, хяналтаар бүтээж байна уу гэдгээр хэмжигддэг билээ. Энэ шалгуураар авч үзвэл эрх зүйт төр нь өмнөх бүх төрийн загваруудаас эрс ялгардаг. Монгол улсад өнөөдөр ямар төр тогтож байгааг ч мөн үүгээр хэмжих ёстой гэж үзэж байна.
Д.Алтай. Иргэний нийгэм ба парламентат ёсны төлөвшил
Ардчилсан парламентын нэг чухал шинж нь ил тод, нээлттэй байдал бөгөөд энэ нь иргэний нийгмийн оролцоог өргөжүүлэх чадвараар илэрхийлэгддэг.
Төрийн удирдлагыг хэрэгжүүлдэг орчин үеийн парламент нь дараахь чиг үүрэгтэй ба үүнд:
• Төрийн бодлогын үндэс, хөтөлбөрүүдийг томъёолох, хууль боловсруулах
• Сонгогчдын эрх ашигт үйлчлэх, нөлөөлөх
• Гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, Засгийн газрын хөтөлбөрт үнэлэлт өгч боловсронгуй болгож хэрэгжүүлэх арга хэмжээ авах
• Төрийн чухал асуудлаар үндэсний зөвшлийг бий болгох зэрэг функцийг гүйцэтгэдэг.
Төрийн бодлогыг тодорхойлоход иргэний нийгмийн оролцоог өргөжүүлэх, сонгогчдын эрх ашигт үйлчлэх, тэдний саналыг ажил хэрэгчээр тусгах механизм бий болгох нь өнөөгийн парламентын төлөвшилд чухал сэдэв болж байна.
Петер М.Глуховски. Монголын улс төрийн намын системийн өнөөгийн төлөв ба хөгжил
90-ээд оны эхээс бүрэлдсэн улс төрийн намуудын хөгжлийг хэд хэдэн үечлэлд хувааж болохоор байна. Эхний үед маш олон тооны намууд үүсэв. Тэдгээр нь нэгдэн нийлэх үе нэг хэсэг байгаад, 1996 оны сонгуулийн дараа шинэ намуудын үүслийн процесс дахин явагдав. 2000 оны сонгуулиас хойш намуудын нэгдэх, эвсэх процесс дахин ажиглагдаж байна. Намуудын ийм хөгжил нь юун түрүүн сонгуулийн өмнө болон дараа нь сонгуульд үзүүлэх амжилт, эсхүл ялагдлаас л хамааран явагдаж байна. Монголын намуудын нийтлэг шинж нь сонгуулийн өмнө эвсэл байгуулахаар тодорхойлогдож байгаа ба энэ эвсэл нь зөвхөн зорилгын ач холбогдолтой тактикийн үйлдэл болохоос, үзэл баримтлал-хөтөлбөрийн нэгдэл болж хараахан чадахгүй байна.
Г.Чулуунбаатар. Монгол дахь иргэний нийгмийн төлөвшилт, тулгамдсан асуудал
Иргэншлийн энэ голомтуудаас хүн төрөлхтний иргэншсэн хөгжлийн хоёр салаа зам эх үндсээ авчээ. Тэдгээрийн аль алиныг орон зай, цаг хугацааны тодорхой хэмжүүрт шинжлэн үзэх шаардлагатай. Орон зайн хувьд бол Эртний Энэтхэг, Хятадын иргэншлээс уламжлалт нийгмийн зам, Эртний Грек, Римийн иргэншлийн хөгжлөөр иргэний нийгмийн хөгжлийн зам гараагаа авсан гэж ойлгож болно. Цаг хугацааны хувьд дундад зууны сүүл үе буюу XV-XVI зууны үе хүртэл иргэншлийн энэ хоёр салаа замаар хөгжиж байсан улс орнуудын хөгжлийн харилцан нөлөөлөл маш бага байснаа энэ үеэс эрчимжиж иргэний нийгмийн хөгжлийн загвар түгэн давамгайлах болжээ.
Д.Ганбат. Ардчилал ба түүний үнэлэмжийн өөрчлөлтийн асуудал
Монгол улсын хөгжилтэй холбоотой эдгээр асуудал нь улс төрийн систем, засаглалын хэлбэр, улс үндэстний хэмжээнд шийдвэр гаргадаг төрийн үйл ажиллагааны механизм зэрэг асуудалтай шууд холбогдоно. Yүний хамт, монголын олон түмний сэтгэл зүй, хүсэл зориг хийгээд улс төрийн соёл, шинэ үнэт зүйлс, үнэлэмжийн бүрдэлт нь ардчиллын цаашдын хөгжилд мөн шийдвэрлэх хүчин зүйл болно гэдэг нь тодорхой. Өөрөөр илэрхийлбэл, хүний эрх, эрх чөлөө, нийгэмд хүний голлох байр суурь нь ардчилсан нийгмийн агуулга нь болж, харин энэ бүгдийг хангах чиг үүрэг бүхий улс төрийн систем, төр ба засаглалын механизм нь гаднах хэлбэр нь болохын зэрэгцээ хүний эрх, эрх чөлөө хэрхэн хангагдаж буй байдлаараа ардчиллын хөгжил хэмжигдэх нь хөгжлийн түвшнийг харьцуулах суурь арга зүй болох учиртай.

No comments:

Post a Comment